Грейс Келли бол өнгөрсөн зууны дунд үеийг төлөөлдөг, тухайн үеийн эмэгтэйлэг гоо үзэсгэлэнгийн хамгийн төгс жишээ юм.
Грейсийн Скандинав гоо үзэсгэлэнд түүний Ирланд ба Герман гарал үүсэл нөлөөлсөн бол, өөгүй цэмцгэр стилийг нь найруулагч Альфред Хичкок тодорхойлж өгсөн байдаг. Киноны зураг авалтын үеэр Хичкок жүжигчин бүсгүйн хувцаслалтыг сайтар төлөвлөж, деталь бүрийг нь анзаардаг байсан гэх яриа бий. Грейс Келлиг загварын шүтээн болоход мөн дизайнер Олег Кассини тусалсан юм. Дизайнерын хэлснээр Грейс түүнтэй танилцахаасаа өмнө “яг л сургуулийн багш” шиг хувцасладаг байжээ.
Диорын бүтээлүүдийг санагдуулам улаан өнгийн даашинз, хятадын уламжлалт өмсгөлөөс санаа авсан ноосон материалтай саарал даашинз, мөн бөмбөгөр хэлбэрийн пальто зэрэг нь алдарт жүжигчнийг тодорхойлох үндсэн загварууд болж хувирсан юм. Грейс Келлигийн энэхүү эмэгтэйлэг стиль түүнийг анх удаа найруулагч Хичкоктой хамтран “Dial M for Murder” кино дээр ажиллах үед л бүрдсэн байсан. Тэрээр мөн “Rear Window” кинонд тоглох үедээ 1950-аад оны Парис бүсгүйн хэв маягийг өөртөө хэвшүүлж, хар өнгийн топ ба цагаан өнгийн хөвсгөр хормойтой юбка өмсөж эхэлсэн. Харин “To Catch a Thief” киноны зураг авалт эхлэх үед Грейс өөрийнхөө дүрийг өөрөө хувцасладаг болж, хувийн стилиэ бүрэн тодорхойлсон байсан гэж хэлж болно.
Хамгийн гол нь Грейс зөвхөн дэлгэцэн дээр гэлтгүй, мөн өдөр тутмын амьдрал дээрээ ч бас ийм эмэгтэйлэг, дэгжин хэв маягийг баримталдаг байлаа. Бэлхүүс тодотгосон цэмцгэр хүрэм, харандаа хэлбэрийн юбка, кардиган цамц, капри хэлбэрийн өмд ба цагаан цамцны хослол зэрэг нь түүний нэрийн хуудас болж, одоо хэрэн загварын салбарт нөлөө үзүүлсэн хэвээр байна.
.