Америк дахь Монголчуудын “гар бөмбөг”-ийн тэмцээн амжилттай боллоо

АНУ-д ажиллаж, амьдардаг монголчуудын дунд “Гар бөмбөг”-ийн 11 дүгээр аварга шалгаруулах тэмцээн энэ оны есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Колорадо мужийн Денвер хотноо амжилттай болж өндөрлөлөө.

АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулаас мэдээллэснээр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд оролцохоор АНУ-ын муж, хотуудаас хүрэлцэн ирсэн байна. Уг тэмцээнд залуучуудын эрэгтэй, эмэгтэй 16 баг, ахмадуудын дөрвөн баг нийт 20 багийн 200 гаруй тамирчин хурд хүч, авьяас чадвараа сорьжээ. Тэмцээнд оролцсон тамирчдын ур чадвар, багийн зохион байгуулалт өндөр төвшинд зохион байгуулагдсан байна.

Тус өдөрлөгт спортын мастер, спортын дэд мастер, мөн улсын зэрэгтэй тамирчид олноор оролцсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй, үзүүштэй болгож, хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигчдийг баясгажээ. Хоёр өдөр үргэлжлэн явагдсан тэмцээний нэгдсэн дүн гарахад залуучуудын Лос Анжелес хотын эрэгтэй баг, Оакланд хотын эмэгтэй баг, ахмадуудын Чикаго хотын баг тус тус тэргүүн байранд шалгарч, шилжин явах цомын эзнээр шалгарсан ажээ.

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал “Их Тал” клубээс зохион байгуулсан өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд оролцож нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж тодотгон хэлээд нийт хүрэлцэн ирсэн тамирчидад болон хөгжөөн дэмжигчдэд амжилт хүсч, Ерөнхий консулын газрын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Энэ удаагийн тэмцээн нь тус клуб байгуулагдсаны таван жилийн ойн арга хэмжээтэй давхацснаар өргөн хүрээнд олон нийтийг хамарсан ажил болсон байна.

Б.БАЯРМАА

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …