Будапешт-2017” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид эх орондоо ирлээ. Ингээд ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. ОУХМ Б.Мөнгөнчимэгээс дараах асуултад хариулт авлаа.
– ДАШТ–ээс хүрэл медаль хүртсэн танд баяр хүргэе.Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Дэлхийн аваргын тэмцээнд ороод манай баг тамирчид зургаан медаль аваад өнөөдөр эх орондоо ирж байна. Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг, Жүдо бөхийн холбоо болон Монгол Улсын Ерөнхийлөгчдөө маш их баярлаж байна. Бэлтгэл хангаж өгсөн хамт олон болон дасгалжуулагч багш нартаа ч гэсэн баярлаж байгаа хэлмээр байна.
-Таны хувьд ДАШТ–ээс анх удаа хүрэл медаль хүртэж байгаа. Медалиа төлөөх барилдаанаа эргээд дурсгахгүй юу?
-Насан хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнд гурван удаа оролцож байна. Өмнө нь оролцож байсан учраас нэлээн туршлага судалсан. Медалийн төлөөх шийдвэрлэх барилдааныг Хятадын жүдоч Ян Жуньсятай хийж, хоёр дахь минутад цэвэр ялснаар медалийн тавцанд зогсох эрхтэй болсон доо. Ингэж дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Өөрийн хүсэж байсан зүйлдээ хүрсэндээ маш баяртай байна.
-Энэ удаагийн ДАШТ-ий хамгийн хүнд, хүч шавхсан барилдаан ямар барилдаан байсан вэ?
-Жүдо дэлхийн бүх оронд ерөнхийдөө жигд хөгжчихсөн учраас сул өрсөлдөгч гэж бараг байхгүй. Биднийг маш их дэмжсэн учраас энэ удаагийн дэлхийн аваргад маш сайн амжилт гаргалаа. Ерөнхийдөө барилдаан бүхэн хүнд байсан. Хамгийн хүнд барилдаан гуравдугаар барилдаан болон шигшээ наймын барилдаан маш их хүнд байлаа. Шигшээ найманд шалгарсны дараах барилдаан гэсэн хүнд байсан.
Н.Алт