Унгарын нийслэл Будапешт хотноо өнгөрсөн наймдугаар сард болсон ДАШТ–ээс Жүдо бөхийн төрөлд медаль авсан тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Олимпийн мөнгөн медалийн эзэн Д.Сумьяа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, олимп, дэлхийн хос медальтан болсон. Тэрбээр Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Японы залуу жүдоч Цүкаса Ёшидатай барилдаж нэмэлт цагт шилжин барилдаж аваргын алтан медалийг хүртсэн билээ. Ингээд Дэлхийн аваргын алтан медальтан Д.Сумьяагийн сэтгэгдлийг хүргэж байна.
-Дэлхийн аварга болсон баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Хамгийн түрүүнд Монголчууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэхээр Монголын ард түмэн бүх зүйл дээр хамт байсан учраас маш их баярлаж байна. Мөн шигшээ багийн багш нартаа баярлаж байна. Тамирчин бүхний ард гэр бүл, аав ээж, ивээн тэтгэгч байгууллага гэх мэт олон хүмүүс байдаг. Иймээс бүх тусалж дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлаж байгаа хэлмээр байна. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй.
-Аваргын төлөөх барилдаан нэлээд хүнд болсон. Сүүлийн мэх шийдсэн мэх байсан уу?
-Тийм ээ. Цаг маш урт байсан учраас шийдсэн мэх хийнэ гэж бодоод хийсэн дээ.Алтан медаль аваад зогсож байсан мөч хамгийн сайхан байсан. Алтан медаль авна гэсэн хүсэл маань биелсэн.
Н.Алт