Н.Түвшинбаяр:Дэлхийн аваргаас хүрэл медаль авч, медалийн сангаа баяжуулсандаа баяртай байна

 

 

Унгарын нийслэл Будапешт хотноо өнгөрсөн наймдугаар сард болсон ДАШТ-ээс Жүдо бөхийн төрөлд медаль авсан тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Олимпийн алт, мөнгөн медалийн эзэн Н.Түвшинбаяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхныхаа медалийг хүртэж, олимп, дэлхийн хос медальтан болсон билээ. Тэрбээр Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий +100 кг-ын жинд хүрэл медалийн төлөө Европ тивийн аварга, Бакугийн “Их дуулга”-ын аварга, Гүржийн бөх Гурам Тушишвилиг цэвэр дарж, ялалт байгуулан өнөөдөр баг хамт олны хамтаар эх орондоо хүрэлцэн ирлээ.  Энэ үеэр Н. Түвшинбаяртай цөөн хором ярилцлаа.

-Таны хувьд энэ дэлхийн аваргад жин өгсөж, улмаар медаль авлаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Монголынхоо нийт ард түмэн, жүдо бөхийн спортод хайртай та бүхэндээ баярлаж байгаагаа хэлье. Манай жүдо бөхийн уриа “Хамтын хүч, амжилт”. Хамтын хүчээр энэ бүх амжилт бидэнд ирлээ. Тиймээс Монголын маань бүх ард түмний хүч хөдөлмөр шингэсэн учраас ийм амжилтыг жүдо бөхийн тамирчид бид гаргалаа, ард түмэндээ баярлалаа.

– Дэлхийн аваргын медаль бол таны зорилгуудын нэг байсан гэж ойлгож болох уу?

– Мэдээж тэгэлгүй яахав. Миний медалийн санд ганц байдаггүй нь дэлхийн аваргын медаль. Энэ жилийн дэлхийн аваргаас хүрэл медаль авч, медалийн сангаа баяжуулсандаа баяртай байна.

– Таны хувьд хасах 100 кг жинд барилдаж байгаад нэмэх 100 анх удаагаа эх орноо төлөөлөн Дэлхийн аваргад барилдлаа. Жин өгсөж барилдахад  ямар байсан вэ. Тэмцээнийг үзэж байхад таниас нэлээд биерхүү бөхчүүдтэй барилдаж харагдсан?

– Нэмэх 100 кг-ийн жингийн тамирчид амаргүй л дээ.Ерөнхий барилдаан хүнд байна лаа. Олон жил барилдсан туршлагаар давуу байсан гэж бодож байна.

– Та дэлхийн аваргаас хүрэл медаль авсны дараа  хэвлэлд яриа өгөхдөө энэ миний сүүлийн  дэлхийн  аваргын медаль байх гэж байсан.  Тэгэхээр та  дахиж дэлхийн аваргад зодоглохгүй гэсэн үг үү?

– Миний хувьд сүүлийн гэж хэлж байгаа нь өнөөдөр  шинэ залуучууд гарч ирж байна. Ирэх жилээс залуучууд маань сайжраад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргаасай гэж хүсч байна. Тэдэндээ боломж олгох ёстой юм болов уу.Тиймээс л миний сүүлийн дэлхийн аварга гэж хэлсэн юм.

Н.Алт

 

 

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …