Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага нь өнөөдрийн байдлаар 33.1 мянган ажил олгогчийг шимтгэл төлөгчөөр бүртгэж, нийгмийн даатгалын албан журмын даатгалд 806.2, сайн дурын даатгалд 225.7 мянган иргэнийг хамруулаад байна. Улмаар Монгол Улсын төсвийн 25 хувийг дангаараа бүрдүүлж, иргэдэд 30 гаруй төрлийн үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Монгол Улсад нийгмийн даатгалын тогтолцоо үүсч, хөгжөөд 75 жил, шинэ тогтолцоонд шилжээд 23 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд Нийгмийн даатгалын хуульд 30 орчим удаа өөрчлөлт орсон ч тус газар Засгийн газраас гаргасан бодлогыг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн байна. Гэвч цаг үеэ дагаад хууль, тогтолцолцоог өөрчлөх шаардлага гарсаар байгаа юм.
Тухайлбал Тэтгэврийн сангийн зарлага Нийгмийн даатгалын сангийн нийт зарлагын 77 хувийг дангаараа эзэлж байна. Тус сангийн алдагдал урт хугацаандаа нэмэгдэж байгаа учраас тэтгэврийн даатгалын шинэчлэлийг нэн даруй хийх шаардлагатайг холбогдох албаныхан хэлсэн. Тиймээс энэ удаагийн форумаар нийгмийн даатгалын тэр дундаа тэтгэврийн даатгалын асуудлыг хэлэлцэж, олон улсын туршлагаас судлан, Нийгмийн даатгалын багц хуульд тусгах чиглэлд анхааран ажиллаж байгаа юм байна.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй тус форумд олон улсын байгууллагын судлаач, экспертүүд оролцож, туршлага солилцож, зөвлөмж хүргүүлж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой.
Тухайлбал, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Зүүн болон зүүн өмнөд Ази, номхон далайн Зохистой хөдөлмөрийг дэмжих багаас тэтгэврийн шинэчлэлийн олон улсын чиг хандлагын асуудлаар, ХБНГУ-ын Ослын нийгмийн даатгалын байгууллагаас үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын асуудлаар, Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагаас Японы хөдөлмөр эрхлэлтийн даатгал ба бодлогын асуудлаар, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэтгэврийн сангаас тэтгэврийн хөгжлийн асуудлаар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Нийгмийн даатгалын шинэчлэл- өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдэвт олон улсын форум нь Монгол Улсын нийгмийн даатгалын салбарт хүн ам зүйн болон хууль эрх зүйн томоохон өөрчлөлтүүд гарч байгаа чухал үед зохион байгуулагдаж буйгаараа ач холбогдолтойг оролцогч талууд онцолж байна.
Н.Алтанцэцэг