Сүүлийн үед эрчээ аваад буй валютын ханшийн хэлбэлзэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж байгаатай холбоотойгоор Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ноос цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэхийг шаардлаа. Тэдний зүгээс УИХ-ын ээлжит бус чуулганд хандаж хүргүүлсэн мэдэгдлийнхээ хариуг энэ сарын 15-ны дотор, Засгийн газарт тавьсан шаардлагын хариуг 20-нд авах гэнэ. Түүнчлэн маргааш Тусгаар тогтнолын талбай буюу хуучнаар Ялалтын талбайд 12-14 цагийн хооронд тайван цуглааныг зохион байгуулахаар болжээ. Энэ талаараа өнөөдөр тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэн ухааны ҮЭХ-ны дарга Ж.Батзориг, Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар нар олон нийтэд мэдээлсэн юм.
МҮЭХ-оос эдийн засаг хүндрэлтэй байгаа ч цалин тэтгэвэрийг 40 орчим хувиар нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааг өнөөдрийн үнийн өсөлтийн хүндрэлээс хамгаалах ёстой гэж үзжээ. Иймээс тус холбоо Засгийн газраас Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн ширээнд сууж, цалин тэтгэврийг нэмэх асуудлыг ойрын хугацаанд шийдэхийг хүслээ. Мөн Засгийн газарт хүргүүлсэн шаардлагадаа үнийн зохиомол өсөлтийг хязгаарлах үүднээс Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнг сайжруулах, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих, Оюутолгой төслийн өнөөгийн маргаантай асуудлыг нэн даруй шийдэх гэх мэтчилэн тулгамдаж буй олон асуудлыг багтаажээ.
МҮЭХ-ноос Засгийн газарт хүргүүлсэн бичигт дараах асуудлыг нэн тэргүүн шийдэхийг хүсэмжилжээ. Тодруулбал, УИХ-ыг нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэж, хөдөлмөрчдийн амьжиргаанд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Засгийн газарт үүрэг өгч, валютын ханшийг тогтвортой болгоход УИХ Монголбанктай хамтран дорвитой бодлого хэрэгжүүлэх, яам агентлагийн бүтэц зохион байгуулалтын оновчтой болгож, сайд дарга нарын орон тоог цөөрүүлэхийг дээрх мэдэгдэлдээ тусгажээ. Түүнчлэн уул уурхайн төсөл хэрэгжүүлэхдээ нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийлгэж байхыг УИХ-д хүргүүлсэн мэдэгдэлдээ тусгасан байв. Ингэснээр энэ салбарт ажиллаж байгаа ажилчдын ажлын байрыг баталгаажуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах гэх мэт нийгмийн хамгааллын асуудлыг нь орхигдуулахгүй байх боломж бүрдэх аж.
Х.Амгаланбаатар ард түмэнд мэдэгдэхдээ “Цалин нэмэгдвэл юмны үнэ өснө гэсэн айдастайгаар ядуу амьдарч болохгүй”
Эдийн засгийн онолоор цалин хөлс, бодит худалдан авах чадвар нэмэгдвэл бараа үйлчилгээний үнэ тэр хэмжээгээр буурдаг. Харин сүүлийн 20 гаруй жил манай улсын эдийн засаг үүний эсрэг явж ирсэнийг зоригтойгоор халах ёстой. Өнөөдөр цалин, тэтгэвэр нэмэгдэнгүүт дагаад инфляци өснө гэсэн айдсаас болж бид ядуу амьдарч болохгүй. Төр нь ч үүнээс болж иргэдийнхээ цалин тэтгэмжийг уяж болохгүй. Үүнийг би МҮЭХ-ны ерөнхийлөгчийнхөө хувьд хариуцлагатайгаар хэлэх ёстой гэж бодож байна.
Хэрвээ бараа бүтээгдхүүний үнэ зохиомлоор нэмэгдэж байгаа бол Төр болон ШӨХТГ үүнд хариуцлага тооцох ёстой. Энэ талаар бид “Үнэ бүрдэлтийн тухай” хуулийг намрын чуулганаар хурдан батлахыг УИХ-д хүргүүлсэн мэдэгдэлд тусгасан байгаа. “Үнэ бүрдэлтийн тухай” хуулийг бий болговол зах зээлд ямар зарчмыг харгалзан үнэ тогтоох вэ гэдгийг зохицуулах болно. Тодруулбал, хэрвээ зах зээлд хууль бусаар үнэ тогтвол “Үнэ бүрдэлтийн тухай” хуулиараа хариуцлага тооцдог болно гэсэн үг юм гэж мэдээллээ.