Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 22. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 2. Сугар гараг. Тэргүүн дагуул одтой, долоон улаан мэнгэтэй хар хулгана өдөр.
Өдрийн наран 6 цаг 41 минутад мандан, 18 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн.
Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Намрын хугас дунд болох улирал 5 цаг 28 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.