Номын баярын өдөр өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Тухайлбал ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлагаар 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ.
Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж хүлээдэг болсон энэхүү өдрийг энэ жилийн хувьд Гэр бүлийн уншлагыг дэмжье уриан дор энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Номын баярын өдөрлөг өнөөдөр 11.40-19.00, маргааш 10-19.00 цагийн хооронд үргэлжлэх аж.
Энэ жилийн номын баярын гол онцлог нь хүүхэд багачуудыг багаас нь номтой нөхөрлүүлэхэд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Өдөрлөгийн хүрээнд гэр бүлийн уншлагыг дэмжсэн сурталчилгаа, уулзалт, ярилцлага, Эх хэл, өв соёлоо дээдлэхүй танилцуулга тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийн үзэсгэлэн болон уран уншлага 5-90 хувийн номын хямдралтай худалдаа болж байгаа аж.
Мөн үзэсгэлэн худалдаанд оролцож буй номын үйлдвэрлэгчид хэвлэх үйлдвэрүүд хямдралтай үнээр ном худалдаалж байна. Тодруулбал Интерном, Мир ном, Тагтаа паблишинг зэрэг хэвлэх үйлдвэрүүд 20-30 хувиар хямдруулж байсан бол, хүүхдэд зориулсан зохиол, үлгэрийн номууд 50 хүртэлх хувиар хямдарсан аж. Түүнчлэн номын баярыг зорьж буй хөл хөдөлгөөн тасарсангүй зохиолч нарын гарын үсэгтэй номуудад дугаарлан хүлээж залуу зохиолчдоос гадна утга зохиолын томоохон төлөөллүүд хүрэлцэн ирж уншигчидтай халуун яриа өрнүүлж байна.