МАН-ын бүлгээс Ж.Батбаясгалан, Д.Баярсайхан Г.Төмөрбаатар нарыг дэвшүүлсэн. Гэвч Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар нар нэрээ татсанаар Д.Баярсайхан үлдсэн юм. Харин хурлын танхимаас НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханг нэр дэвшүүлсэн юм. Ингээд С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын дунд санал хураав. Гэвч санал тэнцсэн учраас тав хоногийн дараа дахин санал хураахаар болж НИТХ-ын 11 дүгээр хуралдаан өндөрлөлөө.
НИТХ-ын хурал дахь МАН-ын 34 төлөөлөгч саналаа тэнцүү өгсөн бол АН-ын 10 төлөөлөгч цагаан хуудас өгснөөр асуудлыг тав хоног сунжруулах шалтгаан боллоо гэж ажиглагчид тайлбарлаж байна. Гэхдээ НИТХ-ыг эрч хүчтэй, мэдлэг, чадвартай залуу хүн удирдаад явах нь зөв юм гэсэн байр суурийг төлөөлөгчид хэлж байв. Төлөөлөгч Д.Баярсайханы хувьд нэр дэвшсэн нь чухал гэдгийг онцолсон бол С.Амарсайханы хувьд асуудалд зарчимч байдлаар хандаж, шийдэл гарцыг эрэлхийлж байгаа нь харагдсан юм. Энэ үеэр НИТХ-ын дарга нэр дэвшээд байгаа НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхантай цөөн хором ярилцлаа.
– Таныг НИТХ-ын даргад дэвшүүлж байна. Та бодлоосоо хуваалцахгүй юу?
– Намын бодлого гэдэг бол өөрийн гэсэн бодлого чиглэлээр хэрэгжих ёстой юм. Түүнээс биш өмчлөөд авсан хөрөнгө, өвлөөд авсан барилга, үрчлээд авсан хүүхэд шиг цөөн хүмүүсийн бодол, хэсэг хүний хүслийн хайрцагласан шивнээгээр явах ёсгүй гэж бодож байна. Энэ бол нийслэлчүүдийн ирээдүй цаашлаад ажил амьдралын хувь тавилантай холбоотой асуудал учраас бид анхаарч ажиллах ёстой. Цаашдаа НИТХ-ын үйл ажиллагаа илүү нээлттэй илүү шударга олонхи цөөнхийн оролцоог бий болгосон ямар нэгэн байдлаар явцуурхаж туйлшрахгүйгээр, тэдний нийтлэг эрх ашиг, нийтийн хүсэл зорилгод нийцсэн байдлаар явах ёстой. Ингэж үзэж байгаа учраас намын нөхөд хүлээн зөвшөөрч миний нэрийг дэвшүүлж байна гэж бодож байна.
-НИТХ-ын дарга асан Ц.Сандуй “Надад маш их дарамт байлаа. Үүнээс болоод ажлаа өгч байна” гэлээ. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Юу тарина түүнийхээ үрийг хурааж авдаг гэдэг. Жимс таривал өөрөө авдаг. Шарилж тарьчихаад түүнийхээ үрийг бусад руу цацаж болохгүй л дээ. Бид тэр үрийг цаашид усалж ургуулж чадахгүй ээ. Сандуй 60 тэрбумыг босгох бичлэгийн асуудлыг өөрөө гаргаж тавилаа. Энэ бол худлаа гэхэд дэндүү үнэн. Үнэн гэхэд дэндүү сэтгэл гонсоймоор бичлэг байсан. Тийм учраас бид нар Улс үндэстэний эрх ашиг нийгмийн ёс суртахуун цаашлаад Монгол хүний Монгол төрийн үнэ цэнийн тухай асуудлыг хөндөж тавьсан учраас энэ хүнийг цаашид НИТХ-ын даргын албан тушаалыг хаших, нийт нийслэлчүүдийн хувь заяа ажил амьдралыг гардаад аваад явах шаардлага боломж байхгүй гэж үзсэн.
-Хэрвээ та сонгогдвол Ц.Сандуй даргаас ямар ялгаатай ажиллах вэ?
-Нийслэлийн иргэдийн хурал нь хотын тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлдэг. Хяналт тавьж иргэдэдээ тайлагнадаг. Цаашлаад иргэдтэйгээ хамтран, амьдарч байгаа орчны сайн сайхны төлөө ажиллах ёстой. Юугаараа ялгаатай ажиллах вэ гэлээ? Илүү нээлттэй байх ёстой. Засаглалын хувьд өөрчлөлт шинэчлэлт хийж асуудлыг цогцоор нь шийдэх ёстой гэж бодож байна. Тухайлбал нэгдүгээрт Нийслэлийн засаглал, хоёрдугаарт НИТХ-ын үйл ажиллагааны ил тод байдал, Гуравдугаарт Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч буюу гүйцэтгэх удирдлагын ажлын хариуцлага, албан тушаалтны ёс зүй цаашлаад ажлын үр дүн гүйцэтгэл дээр тулгуурласан үр өгөөжийг л харах ёстой. Үүнийг баримталж ажиллана.
-Та танхимаас хир зэрэг дэмжлэг авна бодож байна?
-Дэмжлэг авах авахгүй гэдэг нь өөр асуудал. Хамгийн гол нь НИТХ сүүлийн 5 сарын хугацаанд нэг ч удаа хуралдсангүй, асуудал шийдсэнгүй. Иргэн хүний хувьд цаашлаад НИТХ-ын төлөөлөгчийн хувьд аль ч асуудалд намчирхаж, туйлширч, явцуурч хувийн эрх ашгийн хүрээнд асуудлыг хөндөхгүй гэж бодож байна. Ер нь бол нийслэлийн иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой байгууллага нь энэ байгууллагын төлөөлөгчид гэдэг бол зөв зүйлд санаачлагатай, хариуцлагатай, ёс зүйтэй дээрээс нь хамтач нөхөр нь байх ёстой юм.
Буруу зүйлд амин хувиа бодсон, улс төржсөн эсвэл намын бодлого нэрээр ганц хүний бодлого цөөн хүний хүслийн хайрцаг болж байгаа ийм явдлыг хариуцлагатай, шийдэмгий эсэргүүцэгч бүр цаашилбал шударга ёсыг эрхэмлэн ард түмний өмнө гаргаж ирж тавих ёстой.
-НИТХ дахь МАН-ын хорооны хурал дээр таныг нэрээ татсан гэсэн мэдээлэл гарсан. Та энэ асуултанд ямар тайлбар өгөх вэ?
-Нөхөд надад итгэж дэмжин, нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэхэд ажил явуулж, асуудал шийдвэрлэн, хамтарч ажиллуулах, зогсонги байгаа ажлыг цааш идэвхжүүлэн үргэлжлүүл гэж нэр дэвшүүлж байна. Нийслэлийн харьяа газар, агентлагууд хоорондоо ямар нэгэн уялдаа холбоо байхгүй. Нийслэлийн ирээдүй, хөгжил, иргэдийн хүлээлт тодорхойгүй байна. Тиймээс албан тушаал гэхээс илүүтэй, ямар нэгэн хувийн ашиг сонирхол байхгүйгээр НИТХ-ын төлөөлөгчийн эрх, үүргийн хүрээнд нээлттэй ил тод, шүүмжлэлтэй хандана. Хэсэг бүлгийн хайрцагласан асуудал орж ирж байна. Энд зөвхөн С.Амарсайханы биш, НИТХ-ын даргын асуудал биш, харин Монгол Улсын нүүр царай болсон Улаанбаатар хотын хувь тавиланг хэдэн хүн, хэзээ хаана, хэний хүсэл сонирхлоор шийдэж байна вэ? Тэр нь эргээд иргэдийн ирээдүйд ямар нийтлэг үр өгөөжийг өгөх вэ гэдэг л чухал шүү дээ.
А.Отгонжаргал
Эх сурвалж: Undesten.mn