УИХ-ын гишүүн С.Жавхлантай ярилцлаа.
–Улс төр тойрсон дуулиан Засгийн газрыг огцруулснаар эхэлж дараагийн шинэ Засгийн газар хэрхэн байгуулагдах бол гэдгээр үргэлжилж байна. Таны хувьд чуулганы хуралдаан дээр 10 хоногийн дотор дараагийн Засгийн газраа байгуулах ёстой гэсэн байсан. Тэр хугацаа өнгөрчихсөн үү. Өвөлжилтийн бэлтгэлээс эхлээд яалт ч үгүй Засгийн газраа яаралтай байгуулах шаардлагатай байгаа. Таны байр суурь ямар байгаа бол?
-Энэ Засгийн газар юу ч хийгээгүй. Зөвхөн хамаатан садан, өөрийн ард талын бүлэглэл хийгээд тойрон хүрээлэгчид нь голийтол таргалж, түмэн олон итгэл сэтгэлээрээ, амьдралаараа хохирч үлдлээ. Чуулганы хуралдаан дээр би өөрийн байр суурийг тодорхой хэлсэн. Монгол оронд хүнд хэцүү өвөл ирж магадгүй байгаа. Мөн түмэн олны аж амьдрал хэцүү байгааг бүгд харж байна шүү дээ. Мал тэвээрэг муутайн дээр, ургац алдаж болзошгүй хэмжээнд хүрчихлээ. Монголчууд цаг хугацаатай уралдаж байхад засаг төр нь хэрүүлээс өөр хийх ажилгүй байна гэдэг гутамшиг. Эрх баригч гээд цээжээ дэлдэж байгаа хүмүүс үнэхээр л ард түмнээ боддог нь үнэн юм бол дараагийн Засгийн газраа яаралтай эмхлэн байгуулах ёстой. Тийм үүрэг хүлээж тэд олонхийг бүрдүүлсэн.
Дараагийн Засгийн газраа 10 хоногт багтааж байгуулаарай гэж онцгой анхааруулж хэлснээс хойш өнөөдөр 10 дахь хоног нь болж байна. Өөрсдийнх нь хувийн бизнес, ажил төрөл нь болохоор ганц хоёр цагийн дотор бүтдэг. Монгол түмний эрх ашгийг болохоор хэдэн сараар нь эзгүй орхидог байж болохгүй. Багш, эмч нарын хийж буй мэдэгдлүүдийг хар. Уур бухимдал нь дээд цэгтээ хүрсэн байна. Ядаж ургац алдсан тариаланчид, өвөлжилтөндөө сэтгэлээ чилээн суугаа малчдаа харах нүд байна уу.
-Уг нь ойлголцол чухал байх шиг байна. Гэсэн ч шуудайд хийсэн эвэр шиг л байх юм. Учир зүйгээ олох болов уу?
-Олон хавар нэгэндээ гэдэг шиг өнгөрсөн хавраас хойш хэрэлдсэн хэрүүлийнх нь бузар одоог хүртэл арилаагүй байна. Энэ бузар нь монгол түмнийг доройтуулж байна. Монголчууд энэ хүмүүсийг сонгож болсон шигээ буцаагаад буулгаад хаячихаж чадна. Ийм зам руу хүссэн хүсээгүй орж байна. Намынх нь хувь заяа цаашлаад Их хурал тарах хэмжээний асуудал яригдахдаа тулчихлаа.
–Засгийн газрыг огцруулаад дараагийн Засгийн газрыг байгуулах нь албан тушаалын тэмцэл мэт дүр зураг харагдаад байна. Засгийн газрын асуудлыг ямар өнцгөөс харж байна вэ?
-Энэ бол бие биенийгээ барьж идэж байгаа хэлбэр. Эцэг дээдсийн гэрээс шастирт бий. Муу сэтгэлт хувь үзэлтэй булхай хүмүүс монголыг 30 жил харлуулна. Үүний дараа тэд өөрсдийгөө барьж иднэ. Дараа нь харин харлан доройтсон монголчууд хөхөрч дэлхийн цээжин дээр тэнгэрийн улс тодорно гэсэн цадиг бий. Үүний дагуу л явж байна. Харж л байя.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу