Ховд аймгийн сэтгүүлчид цаг үеийн болон бусад асуудлын талаар аймгийн аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой ярилцсан ярилцлагыг хүргэж байна
– Юуны өмнө саяхан та нөхөд хөрш оронд айлчлаад ирсэн талаар сонирхож асууя /Таванцэцэг Ховд ТВ/
– Аймгийн төр захиргааны байгуулагын төлөөлөл болон Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын 10 гаруй компаний төлөөллийг оролцуулсан баг ОХУ-д туршлага солилцох чиглэлээр яваад ирлээ. Бид Горний Алтай, Алтайн хязгаарт аялал жуулчлалын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулдаг, ямар ямар аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр жуулчдад үйлчилдэг гэх мэтийг сонирхож туршлага солилцлоо. Бид нэгэнт Алтайн хязгаар орсон учир амбан захирагч Карлин Александр Вогдановичтой уулзах хүсэлт тавьснаар бидний саналыг хүлээн авч уулзалт үр дүнтэй, халуун дотно сайхан боллоо. Уулзалтаар нутаг нутгийнхаа тулгамдсан асуудлын талаар ярилцаж, бидний зүгээс энэ жил Ховд аймагт маань зуншлага муутай болсонтой холбогдуулан тус бүс нутгаас хадлан тэжээлийн тал дээр туслалцаа үзүүлэхийг хүссэнийг хүлээн зөвшөөрч, тодорхой хэмжээний өвс тэжээлийг заримыг тусламжаар мөн заримыг нь худалдааны журмаар нийлүүлэх шийдэлд хүрлээ.
– Энэ жилийн хувьд Ховд аймагт төдийгүй Монгол орны ихэнх нутгаар гантай байна. Дотоодын өвс тэжээлийн нөөцөө хэрхэн бүрдүүлэх вэ? /Таванцэцэг Ховд ТВ/
– Наймдугаар сарын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар бүх аймгууд ган зудын байдлын талаар нэгдсэн дүгнэлтээ өгсөн. Энэ хурлаар 21 аймгийн нийт 17 суманд гантай гэсэн дүгнэлт гарсан. Манай аймагт жилд 60,000 тонн өвс тэжээл бэлтгэдэг уламжлалтай. Энэхүү өвс тэжээлийн 80-90 хувийг Ховд болон Буянт голын ай сав газраас бэлтгэх төлөвлөгөөтэй байна. Түүнээс гадна энэ өвөл өвөлжилтийн байдал хүндэрч болзошгүй учраас улсын онцгой комисс болон Засгийн газарт хандаж тусламж хүссэнээр 260 сая төгрөгийн санхүүжилт шийдэгдсэн байгаа. Энэ санхүүжитийн эх үүсвэрийг ашиглан тендер зарлаж, шалгарсан аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс нийт 50 сая орчим төгрөгийн хадлан тэжээлийг бэлтгээд байна. Удахгүй үлдсэн санхүүжилт шийдэгдэж ирнэ.
Манай аймагт Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайд н.Сэргэлэн ирж уулзалт семинар хийх ажлаа өнөөдөр эхлүүлээд байна. Засгийн газрын 186 дугаар тогтоолын дагуу өнөө жил аймгийн аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 60 гаруй тонн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй байна. Мөн өмнөх жилийн хур тэжээл болон Засгийн газраас санхүүжүүлсэн 260 сая төгрөгний өвс тэжээлээ нэмээд энэ өвөлдөө боломжийн нөөцтэй болчихно гэж бодож байна. Бүрдүүлсэн санхүүгийн эх үүсвэрийнхээ зарим хэсгийг хойт хөршөөс өвс тэжээл татахад зарцуулна. Энэ нь Улаанбаатараас харьцангуй ойрхон талдаа дунджаар 800-1000 гаруй км газраас татах боломжтой учир хэмнэлтэй гэж тооцоолж байгаа.
– Газрын гарц тааруу, хадлангийн нөөц сайн биш байгаа ийм нөхцөлд бэлдсэн багахан хадлан тэжээлээ аль болох дотооддоо ашиглах тухайд ямар бодлого баримталж байна? /Таванцэцэг Ховд ТВ/
– Бид энэ тал дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй байна. Аймгийн Онцгой комисс ч үүн дээр санал нэгдэн, аймгийн засаг даргын захирамж гаргасан ба анхаарч ажиллахыг сум орон нутгийн удирдлагуудад үүрэг болгосон. Хадлан тэжээл бэлтгэдэг аж ахуй нэгжүүдэд ч мөн чиглэл өгч байна.
– Хил залгаа улсаас тэжээл нийлүүлнэ гэж байна. Үнэ ханшийн хувьд дотоодын өвс, тэжээлтэй харьцуулахад ямар байдлаар тохирч байгаа вэ? /Г.Төрмөнх Ховдын толь сонин/
– Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвс тэжээлийн нөөцийг гаднаас бэлтгэх тал дээр чиглэлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллана. Ер нь төвийн бүсээс татахаас хямд тусна гэж үзэж байгаа. Үнэ болон нийлүүлэх хэмжээний талаар нэгдсэн журмаар улсаас тохирох юм. Улсын хэмжээнд баруун талын хилээр нийт 400 мянга орчим тонн өвс нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ өвс тэжээлийг баруун зүгийн 10 орчим аймаг хувааж авах юм.
– Хөрш Алтайн хязгаарт хийсэн та бүхний айлчлалын нэг гол зорилго нь аялал жуулчлалын чиглэлээр туршлага солилцох зорилготой явсан юм байна. Ололт юу байв? /Г.Төрмөнх Ховдын толь сонин/
– Бид хамтран ажиллах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн солилцох ч гэдэг юм уу тийм шийдэлд хараахан хүрсэнгүй. Харин тухайн бүс нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог зэрэгтэй танилцаад ирсэн. Тухайн туршлага солилцох аялалын зардлыг Даян дэлхийн байгаль хамгаалах сан санхүүжүүлсэн юм.
– Ховд аймаг маань Хөшөөтийн уурхай гэх томоохон нүүрсний эх үүсвэртэй. Гэвч МоЭнКо ХХК эзэмшсэнээр иргэд дураараа нүүрс авах боломжгүй болсон ба үнэ өртгийн хувьд ч харьцангуй өндөр байгаа. Аймгийн Засаг дарга тухайн компанитай хамтран ажиллах гэрээ үзэглэсэн. Энэхүү гэрээгээр бидэнд ямар ямар давуу тал үүсч байна вэ. Иргэд 1 тонн нүүрсийг хэдэн төгрөгөөр авах боломжтой болсон бэ? /Цэнд-Аюуш Эко ТВ/
– Хөшөөт бол 50 гаруй жилийн түүхтэй манай ууган уурхайнуудын нэг. 10 гаруй жилийн өмнөөс Монголын хөрөнгийн биржээр дамжин МоЭнКо ХХК-д хувьчлагдсан. Энэ компани аймаг орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг бөгөөд 2017 онд гэрээг шинэчлэн байгуулах ёстой учир үүний дагуу 2016 оны 12 дугаар сарын 20-оос ажлын хэсэг томилогдож ажилласан боловч гэрээ өнгөрөгч 8 дугаар сард зурагдлаа. Зарим нөхцлүүд дээр хоёр тал харилцан тохиролцож чадахгүй байснаас гэрээ батлагдах нь нилээд хойшиллоо. Үүнд та бүхний асууж байгаа нүүрсний үнийн асуудал хийгээд, орон нутагт хөрөнгө оруулах асуудал хамаарч байсан Өмнөх онуудад хувь хүн 1 тонн нүүрсийг 40 мянган төгрөгөөр авдаг байсан бол энэ онд 25 мянган төгрөг, аж ахуй нэгж 55000 төгрөгөөр, нунтаг нүүрсийг арван мянган төгрөгөөр тус тус авахаар боллоо. Мөн аймаг орон нутагт хөрөнгө оруулах асуудлаар ярилцаж, экспортлож буй нүүрсний 1 тонн тутмаас Ховд аймаг 70 цент авч байхаар тооцож, жилд дунжаар 350-400 сая төгрөгийг Ховд аймгийн Хөшөөт хөгжил санд оруулж байхаар тусгагдсан. Нөлөөллийн сумууд болох Цэцэг, Дарви, Мөст, Үенч зэрэг сумдад хөрөнгө оруулах, ажлын байр бий болгох цаашлаад хамтран ажиллах аж ахуй нэгж байгууллагуудыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг цаг тухайд нь нэмэгдүүлэх зэрэг заалтуудыг тусгалаа.
– Цэвэрч Ховдчууд аян Ховд аймаг даяар зохион байгуулагдаж байна. Энэ ажлын хүрээнд Буянт голын ай савыг төрийн алба хаагчдаар цэвэрлүүллээ гэсэн шүүмжлэл гарч байсан. /Лхагвацэрэн Ховд ТВ/
– Ховд аймаг маань үүссэн хогоо цэвэрлээд тохижилт тал дээрээ анхаараад явж байна. өмнө нь ч ингэж ажилладаг байсан. Гэвч аймгийн төвийн гудам болон сумдын төвөөр ил задгай хог хаясан, хогийн цэг үүссэн асуудлууд байсаар байсан. Иймд Аймгийн Засаг даргын зүгээс санаачлага гаргаад, “Цэвэрч Ховдчууд” болзолт уралдааныг зарласан. Эхний зохион байгуулалттай ажил маань өнгөрөгч есдүгээр сарын долооны өдөр Буянт голын ай савын хогийг цэвэрлэх чиглэлээр зохион байгуулагдсан. Үүнд нийт 100 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллагын ажилтан, албан хаагчид оролцсон. Хог цэвэрлэх ажлыг төрийн албан хаагч хийж болохгүй гэдэг үг хэлж байгаа хүн төрд ажиллах хэрэг алга. Хог түүхээс дургүйцэж байгаа хүн төрийн ажилд хэрхэн сэтгэл гаргаж яаж ажиллах нь нэн эргэлзээтэй. Бид Пүрэв гараг болгон сурагчаасаа Засаг дарга хүртэл бүх иргэд хотоо цэвэр цэмцгэр байлгах ажилд гар бие оролцоно. Энэ бол бусдад хийж өгч байгаа ажил биш өөрийн амьдралын тав тухтай байдлийн төлөө ажил юм. Би өнгөрсөн пүрэв гарагийн цэвэрлэгээгээр хоёр харамсалтай зүйл харлаа. Зусланд (бидний хэлж заншсанаар лагерт гарч байгаа) айлууд маань гэрээ барихдаа элс ачиж ирж асгаж байгаад гэрийн буйраа зассан байх юм. Сайхан ногоон зүлгэн дээрээ яагаад шууд гэрээ барьчихаж болдоггүй юм. Тэр их элс бол хойшдоо цөлжилт л үүсгэнэ шүү дээ. Элс асгаж буйр зассан айлуудыг олж, асгасан элсийг цэвэрлүүлэх арга хэмжээг авахаар боллоо. Мөн дараа, дараагийн удаад ийм алдаа гаргасан тохиолдолд лагерт буух эрх олгохгүй байх арга хэмжээ авах болно. Хоёрт лагерт байгаа айлууд хүн ирээд гэрийнх нь гадна талын хогийг цэвэрлэж байхад гэрээсээ гарч ирэхгүй байна. бид өөрсдийн тарьсан хогоо өөрсдөө л цэвэрлэх учиртай. Эртнээс монгол айл буусан буйраа цэвэрлээд нүүдэг уламжлалтай байсан. Энэ уламжлалыг бид мартах ёсгүй.
– Хогийг дахин боловсруулах үйлдвэр барих асуудал ямар шийдэлд хүрч байгаа вэ? /Лхагвацэрэн Ховд ТВ/
– Бид дахин боловсруулах үйлдвэртэй болох хэрэгтэй байна. Эхний ээлжинд хогоо зайлуулах нэгдсэн нэг хогийн цэгтэй болох тал дээр анхаарч ажиллахаар болж байна. Одоо бол бид нэг ёсондоо хогтойгоо нийлчихсэн амьдарч байна шүү дээ. Хогийн цэгийг цааш нь түрж, хоёр хогон овоо босгоод, гадуур нь тордож талбай тэлэхгүй байхаар болгоно. Үүдэнд нь бүртгэл бий болгож камержуулна. Хяналттай л болгохгүй бол хог ил задгай асгах асуудал тасрахгүй байна. айлууд хогоо тэргэнд түрээд, уутанд хийгээд зам давуулж асгах, байрныхан хогоо орцонд гаргах зэрэг асуудал элбэг болж. Бид хогоо гаргаад хогийн цэгт хийхэд, нэгдсэн журмаар ачихад биднээс нэмэлт юу ч шаардахгүй шүү дээ. Хотоо, сумаа гэсэн сэтгэлтэй л баймаар байна.
– Ховд хотын хэмжээнд хогийг нэгдсэн журмаар ачдаг болгоод, төлбөрийг цахилгааны төлбөртэй хамтатган авдаг болох тухай яригдаж байсан Үнэ тариф хэдээр тогтож байгаа вэ? /Н.Лхагва Ховдын мэдээ сонин/
– Уг нь үнийг 2000 дотор багтах болов у гэж бодож байсан боловч, тооцоолж үзэхэд нэг өрхөд 3000 орчим төгрөг тогтож болзошгүй байна. бид аль болох л ул суурьтай тооцоо хийж айл өрхдөө хүндрэл учруулахгүй байх тал дээр ажиллана. Сардаа 2000-3000 төгрөг төлөөд хогоо ачуулахад иргэд маань гомдолгүй гэж бодож байна.
– Эдийн Засгийн боломж гайгүй байх үед (2014–2015 онд) улсын хөрөнгөөр тухайлбал Засгийн газрын бонд (Чингис бонд) гэх мэтээс зээл авч, зарим нэг үйлдвэр барьж байгуулах эхлэл тавигдсан ч 2016 ондоо дахиад зогсонги байдалд орсон, тухайлбал арьс шир боловсруулах үйлдвэр. Үүнд багагүй хөрөнгийг улсаас зориулсан байгаа. Цаашдаа үргэлжлүүлэх боломж нь ямар байгаа вэ? Ер нь үйлдвэр байгуулах, нэмүү өртөг бий болгох, тал дээр ямар бодлого төлөвлөлттэй явж байгаа вэ? /Г.Төрмөнх Ховдын толь сонин/
– Боловсруулах үйлдвэрийн талаар төрөөс шууд барьж босгоод явах боломж бага. Харин хувийн хэвшил дээрээ түшиглээд, боломжийн саналыг нь дэмжээд, урт хугацааны, хүү багатай зээл олгож, санхүүг нь босгох замаар хөгжүүлэх боломж байна гэж харж байгаа. Манай аймгийн хувьд Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахдаа арьс ширний үйлдвэрийн хувьд Буянт гол, Хар ус нуурын ай сав газар учраас татгалзах бодолтой байгаа. Энэ үйлдвэрт хорт бодис ихээр хэрэглэдэг. Бид хөрсөөр дамжуулаад, бохирдлыг нь Буянт гол, Хар ус нуурт оруулчихвал ундны усны эх үүсвэргүй болно. Харин ноос боловсрулах, мах махан бүтээгдэхүүн боловсруулах ч гэдэг юм уу байгаль орчинд хор нөлөө багатай боловсрулах үйлдвэрлэлийг дэмжихэд бид бэлэн байгаа. Тэр арьс ширний үйлдвэрийн тухайд үйлдвэрийн байрыг нь бариад, нэлээн тооны тоног төхөөрөмж оруулж ирсэн байдаг юм байна. Хоёр тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмж байгаа тухай мэдээ ирж байсан. Энэ бол их хөрөнгө л дөө. Харамсалтай тэдгээр нь хуучирч, хоцорогдсон, шаардлага хангахгүй, стандартад нийцэхгүй тоног төхөөрөмж байна гэж мэргэжилтнүүд надад мэдээлж байгаа. Тиймээс тэр хөрөнгө оруулалтыг өөр үр өгөөжтэй зүйл рүү шилжүүлж, алдагдлыг нь нөхөх талаар ажиллана. Энэ талаар эзэмшигч компаний нөхдөд асуудал тавьсан, одоо хүртэл хариу өгөхгүй байгаа. Шахмал түлшний үйлдвэрийн тухайд үйл ажиллагаагаа эхлээд хоёр жил болж байна. Цаашид дэмжиж хөгжүүлэх боломж бий гэж харж байна.
– Органик хөдөө аж ахуйг дэмжих, мах экспортлох чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ? /Н.Лхагва Ховдын мэдээ сонин/
– Энэ жилдээ мах экспортлох боломжгүй. Учир нь өмнөх онд манай аймгийн бүх сумдад малын мялзан өвчин гарсан. Хоёр дахь шатны вакцинжуулалт есдүгээр сарын хориноос хийгдэх гэж байна. Малын халдварт өвчин гарснаас хойш 24 сарын дараа эрүүл бүсд хамаарах ба ерөнхийдээ эрүүл бүсд багтаж байж, бид махаа экспортлох боломжтой болох юм. Харин Манхан суманд мах боловсруулах үйлдвэр баригдах гэж байна. Бид бүтээгдэхүүнээ хөрш орны шаардлагад нийцсэн чанарын өндөр түвшинд боловсруулж чадвал түүхийгээр нь гаргаснаас илүү боломж нээгдэх юм. Ер нь аймаг орон нутгаа төдийгүй баруун таван аймгийг эрүүл бүст хамруулах тал дээр анхаарлаа хандуулж байгаа. Үүний тулд сумдын мал эмнэлэг, мал эмнэлгийн лабораториудыг сайжруулах, ажилтнуудыг чадавхижуулах тал дээр онцгой анхаарах юм.
– Иргэдээс төрийн албан хаагчдын хүнд суртал, чадваргүй байдлын талаар гомдол их ирдэг. Өнгөрсөн хугацаанд төрийн албан хаагчдыг чадавхжуулах талаар ямар арга хэмжээ зохион байгуулав? Лхагвацэрэн Ховд ТВ/
– Төрийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт байнга зохион байгуулагддаг. Ер нь ажил албандаа тааруу дадлагажиж, ахиж дэвжиж чадахгүй байгаа ажилтан албан хаагчид бас байна. Бүр ахиж дэвшихгүй ажилдаа гаршихгүй байгаа, хариуцлагагүй хандаж байгаа хүмүүст бид арга хэмжээ авах болно. Одоо харин арга хэмжээ авсан тохиолдолд өөртөө дүгнэлт хийх биш буцаагаад хэл ам таталдаг, шүүхэд өгдөг явдал их болж. Ажилтны чадавхижих явдал хувь хүний идэвхи чармайлтаас ихээхэн шалтгаалдаг. Хүн өөрөө л өөрийгөө өсөж дэвжихэд хичээж чармайх ёстой. Ажлаа сайн хийгээд үлгэр жишээ яваа хүмүүс ч бий.
– Засгийн газар огцорлоо. Та аймгийн МАН-ын даргын хувьд ямар байр суурьтай байна. Орон нутгийн түвшинд ямар нэг нөлөөлөл бий болох болов уу? /Таванцэцэг Ховд ТВ/
– Засгийн газар нэгэнт огцорлоо. Шинэ Засгийн газар үйл ажиллагаагаа хурдан цэгцлээд жигдрүүлээд яваасай л гэж бодож байна. Өвөл болж, цаг хүндэрч болзошгүй байгаа ийм нөхцөлд хэт улс төржих явдал зохимжгүй. Тиймээс улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавиасаа л гэсэн бодолтой байна. Орон нутгийн үйл ажиллагаанд нөлөөлнө гэж юм байхгүй ээ.
– Сүүлийн үед эдийн засгийн нөхцөл харьцангуй дээрдэж байна гэж яригдах болсон. Тэгвэл орон нутагт ч энэ байдал мэдэгдэж байгаа байх. Төсвийн орлого бүрдүүлэлт ямар байна вэ? Ер нь 2018 оны төсвийн боломж ямар байхаар төлөвлөгдөж байна. Хөрөнгө оруулалтын тал дээр боломж нээгдэх үү? /Г.Төрмөнх Ховдын толь сонин/
– Эдийн засгийн хувьд ерөнхий сайд мэдэгдэхдээ 1,2 хувь өсөлттэй байсан эдийн засгийг 5,3 хувь болгон хүлээлгэн өгч байгаа талаар ярьсан. Орон нутгийн удирдлагууд наймдугаар сард өргөтгөсөн хуралдаанд оролцохдоо төсвийн талаар болон хөрөнгө оруулалтын талаар нэлээд зүйлийг яамдад санал өгсөн. Энэ бүх ажил цаашдаа тасралтгүй үргэлжлээд явах байх гэж бодож байна. Хөрөнгө оруулалтын чиглэлээр манай аймгийн хувьд Эрдэнэбүрэн суман дахь усан цахилгаан станцыг гадны зээл тусламжаар барих, аймгийн түвшинд “Икэл” цогцолбороо шинээр барих, сумдад сургууль цэцэрлэг, бас зарим сумдад нутгийн удирдлагын ордон барих асуудал байна. Түүнчлэн эмнэлгүүдийн машин тэрэг, засвар үйлчилгээний талаар асуудлуудыг нэлээд олон яаман дээр санал хүргүүлээд ирсэн.
– 2017 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлаас дурдвал /Цэнд-Аюуш Эко ТВ/
– Хоёр цэцэрлэг шинээр ашиглалтад орсон. Эмнэлэг сургуулиудын засвар үйлчилгээ цаг хугацаанд нь хийж дууслаа орлоо. Аймгийн төвөөс Баян Өлгийн чиглэлд тавигдаж байгаа 138 км зам, Жаргалант сум, Мөст сумын чиглэлийн 20 км замын ажлууд 2018 онд ашиглалтад орно. Жаргалант сум Эрдэнэбүрэн сумын чиглэлийн 20 км замын төсөл гэрээ хэлцлийн шатандаа, аймгийн төв доторх 4 км замын засварын ажил 100 саяын өртөгтэйгээр, явган хүний замын ажил 75 саяын өртөгтэйгөөр хийгдэхээр шийдэгдсэн. Сум бүрт 1-2 худаг гаргах ажил бас хийгдэж байна.
– Энэ намрын томоохон ажил юу байна? /Цэнд-Аюуш Эко ТВ/
– Намрын томоохон ажил гэвэл ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх ажил юм. Хадлан тэжээлийн талаар дээр ярьсан. Ургац энэ жилийн хувьд хэвийн байна. өмнөх жилийн балансуудаа барина гэж бодож байна.
– Өмнөх удирдлагын үеийн бодлогын алдаатай шийдлүүдээс шалтгаалсан гэж болох 4.7 тэрбум төгрөгөөр баригдаад ашиглагдаагүй байгаа битүү захын асуудал, 500 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд үр дүнгүй болсон жишиг хорооллын асуудал зэрэг шийдлээ хүлээж байгаа ужгирсан асуудлууд нэг хоёроор зогсохгүй. Tэдгээр асуудлуудыг зөв гольдролд нь оруулах тал дээр ямар ажил хийж байна вэ? Г.Төрмөнх Ховдын толь сонин/
– Битүү зах маань өмчийн маргаантай асуудалтай байгаа. Улсаас нийт 3,5 тэрбум хувь хүмүүсээс 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Иргэд өөрсдөө авах хүсэлтэй байгаа юм. Гэтэл төрөөс гаргасан санхүүжилт үнэгүйдэх гээд байна гэж байгаа. Аль болох иргэдийн талд өгөөжтэй шийдвэр гаргах нь зөв гэж үзэж байгаа. Жишиг хорооллын хувьд 100-аад хашааг нь хүн авсан 30-аад хашаа нь хүн аваагүй байна. Эзэд нь өөрийнхөө хашааг буулгаад аваад явж байгаа зүйлүүд гарч байна. Үүнийг бид яах ч арга байхгүй. Лав л хориод айл хашаагаа буулгаад явсан байна. Яагаад иргэд суурьших дургүй байгааг сайн хэлж мэдэхгүй байна. Уул нь шинээр баригдаж байгаа замын дагуу гэх мэт боломжтой нөхцөлүүд бий л дээ.-
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
Эх сурвалж: khovd.gov.mn