Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа наймаа хийж буй иргэдийн үйл ажиллагаа зогсоосон талаар мэдээлэл хийсэн.
Нийтийн эзэмшлийн гудамж талбайд худалдаа эрхэлж байсан зарим иргэн уг шийдвэрийг эсэргүүцэн суулт зарлаад байгаа юм. Энэ оны долоодугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд зөвшөөрөлгүй газар ил задгай худалдаа хийхийг хориглох заалт орсон гэдгийг Засаг дарга С.Одонтуяа онцлов.
Тэрбээр, “Улаанбаатар хотын гудамж талбай өнөөдөр зах шиг болсон байна. Ил задгай худалдаа эрхлэгчдийн ойр орчимд хог хаягдал ихээр овоорч, халдварт өвчин тараах магадлал өндөр байна. “Нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэж байгааг хэрхэн дүгнэж байна вэ” гэсэн судалгааг дүүргийнхээ иргэдээс авсан. Иргэд 100 хувь энэ бол буруу гэсэн хариулт өгсөн юм. Бид иргэдээ эрүүл, аюулгүй, амгалан тайван амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Нөгөөтэйгүүр ил задгай худалдаа эрхлэгчид худалдааны төвүүдэд түрээсээ төлөөд наймаа хийж буй хүмүүсийн орлогыг хааж байна. Хуулийн дагуу зөвшөөрөл авч, татвар, түрээсээ төлөөд явж байгаа хүмүүсийг бид дэмжинэ” хэмээсэн.
Тэгвэл дээрх шийдвэрийг эсэргүүцэн гадна талбайн худалдаа эрхлэгчид нойтон өлсгөлөн зарлаж, тэмцлээ илэрхийлж байна. Энэ үеэр өлсгөлөн зарлаж буй иргэдээс шалтгааных нь талаар ярилцлаа.
Иргэн Г.Баяраа: Асуудлыг шийдэхгүй бол хуурай өлсгөлөн зарлана
– Хэзээнээс эхлээд өлсгөлөн зарлах болов?
– Энэ сарын 25-ны 11.40 минутаас 12 иргэн нойтон өлсгөлөн зарласан. Нийтдээ 49 цаг үргэлжилж байна. Хэрэв шийдэж өгөхгүй бол хуурай өлсгөлөнд шилжинэ.
– Та бүхэн ямар шаардлага тавьсан бэ?
– Хар Хорин захын замууд хажууд буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 32-р автобусны хажуу талд хүн ашиглаагүй 700 мв бий. Энэ газарт үйл ажиллагаа явуулах эрхийн төлөө өлсгөлөн зарлаж байна. Бидний зүгээс гадна талбайд ажиллаж буй иргэдийг нэгтгээд уг газарт үйл ажиллагаа эрхэлж өөрсдийн хөрөнгөөр 100 ажлын байр бий болгоё гэж тэмцэж байна.
– Та бүхэн дүүргийн удирдлагуудтай уулзсан уу?
– Бид хэд дундаасаа ерөнхий зөвлөл гэж сонгоод ерөнхийд нь удирдаад явж байгаа юм. Манай бүлгэмийн төлөөгч гишүүд С.Одонтуяа даргатай уулзахаар энэ сарын 25-ны өдөр очсон. Тухайн үед эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хэвлэлийн хуралтай байна дараа нь та бүхэнтэй уулзъя гэдэг хариуг өгсөн. Хурлын дараа залгахад утас нь роуминг үйлчилгээ руу шилжсэн байсан. Өнөөг хүртэл чихэр горьдсон хүүхэд шиг хариу хүлээсээр байна.
– Одоогийн байдлаар 12 хүн өлсгөлөн зарласан байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал ямархуу байна вэ?
– Одоогийн байдлаар өлсгөлөнд нэгдсэн 12 хүн бий. Насны ангиллаар авч үзвэл 25-50 насны иргэд байна. Өлсгөлөн зарласнаас хойш зарим хүмүүсийн бие огцом муудаж нэг кг жин хаясан. Зарим нэг нь хий огиулаад халуурах шинж тэмдэг илэрсэн. Энд өлсгөлөн зарлаж буй хүмүүсийн найм нь эмэгтэйчүүд байгаа юм. Бидэнд хариу өгөхгүй бол хуурай өлслөн зарлаж эцсээ хүртлээ тэмцэнэ гэсэн байр суурьтай сууж байна. Тав дахийг хүртэл энэ хүмүүсийн бие яаж муудахыг мэдэхгүй. Тиймээс С.Одонтуяа даргад хандан хэлэхэд эдгээр 120, хүмүүстээ биечлэн уулзаж шийдэлд хүрэхийг шаардаж байна.
Иргэн С.Халиун: Бид нарыг шууд л ажилгүйчүүдийн эгнээ рүү түлхэж байна
– Бид нарыг гадаа зам талбай дээр худалдаа хийх гэж зүтгэсэн гэж нийгэмд маш буруу ойлгуулж байна. Энэ газар хуучин хогийн цэг байсан, хуучин хөрсний бохирдол өндөртэй газар байсан. Гэтэл бид улсдаа татвар төлөөд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулья гэж л хүссэн. С.Одонтуяа дарга, зарим нэр бүхий удирдлагууд иргэдэд гар дээрээс худалдаа эрхлэгчдийн талаар нийгэмд буруу ойлголт төрүүлээд байгаа юм. С.Одонтуяа хэлэхдээ Баянгол дүүргийг хог новшноос нь салгаад хогоо цэвэрлэсэн гээд байх юм. Гэтэл өнөөх хогууд нь бид нар байхгүй юу. Гадуур ажилгүйдэл ямар их байгаа билээ. Бид нарыг шууд л ажилгүйчүүдийн эгнээ рүү түлхэх гээд байна. Бид нарыг шууд л ажилгүйчүүдийн эгнээ рүү түлхэх гээд байна. Тийм учраас энэ хүн ашиглахгүй байгаа талбай дээр үйл ажиллагаа явуулъя гэж гуйгаад туйлдаа хүрч байна.