Хууль сахиулах салбарын гадаад болон дотоодын эрдэмтэн судлаачид нэгэн дээвэр дор цуглаж “Хууль сахиулах үйл ажиллагаа онол практикийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцож, санаа оноогоо нээлттэй хэлэлцэж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт оролцож, үг хэллээ.
С.Бямбацогт сайд хэлсэн үгэндээ “Монгол Улсын төр засаг эрх зүйт төрийг улам төлөвшүүлэн хөгжүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна. Харин эрх зүйт төрийн нэг суурь үндэс бол эрүүл эрх зүй, эрдэм шинжилгээ, судалгаанд суурилсан сайн хууль юм. Шинжлэх ухаанд суурилаагүй, судалгаа тооцоогүй хууль гаргах нь үндэсгүй мод, үргүй ургамалтай адилхан хэврэг билээ. Хууль бол хууль сахиулагчдын хувьд дээдлэн баримтлах зарчим, гартаа барьсан илд , хүний эрхийг хамгаалах бамбай, сэтгэл зүрхэндээ суулгасан итгэл үнэмшил юм.
Гэтэл энэ зарчим буруу бол, энэ илд нь иргүй мохоо байвал, энэ итгэл үнэмшил нь алдаатай байх юм бол хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, цаашлаад ардчилал, шударга ёсонд хэмжээлшгүй аюул нүүрлэх хортой гэдгийг бид мартаж болохгүй. Тиймээс манай Хууль зүй, дотоод хэргийн яам шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа шинжилгээнд тулгуурлан салбарынхаа бодлогыг төлөвлөх, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна” гэсэн юм.
Хууль зүй, дотоод хэргийн яам өнгөрсөн богино хугацаанд Эрүүгийн эрх зүйн багц хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гэх мэтчилэн олон нийтийн анхаарлын төвд байсан томоохон хуулиудыг батлуулж чадсан.
Түүгээр ч зогсохгүй Цагдаагийн албаны тухай, Хилийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг салбарын хуулиудыг батлуулж, алба хаагчдынхаа эрх зүйн байдлыг дээшлүүлсэн нь томоохон дэвшил болсныг дотоодын болон гадаадын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл өндрөөр үнэлж байлаа.
Эдгээр хуулийг боловсруулахдаа салбарын эрдэмтэн, судлаачдын санал бодлыг сонсч, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Харин одоо дээрх хуулиудыг хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байгаа, түүнийг хэрхэн сайжруулах боломж байгааг гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, хууль хэрэгжүүлэгчдийнхээ дунд хэлэлцүүлж гарц, шийдлийг олох нь энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлын зорилго оршиж байгаа юм.
Хууль батлагдах нэг хэрэг. Түүнийг хэрэгжүүлэх том ажил хууль сахиулах салбарынхныг хүлээж байдаг.
Монголын хөрсөнд буусан, амьдралд нийцсэн, хийдэлгүй хуультай болохын тулд юунд анхаарах шаардлагатай байгаа талаар хуралд оролцсон төлөөлөгчид санал бодлоо солилцож байна.
Өөрөөр хэлбэл хууль батлагдлаа гээд орхих биш хэрхэн хэрэгжиж байгаад нь байнгын анхаарал тавьж байгаагийн илрэл нь энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна.
Энэ удаагийн хуралд төрийн байгууллага, яамд, хууль сахиулах байгууллага, их, дээд сургууль, хүрээлэн, төв, төрийн бус байгууллагын 250 гаруй эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, практикийн ажилтан, ОХУ, Буриад, Австрали, БНСУ зэрэг орны 20 гаруй эрдэмтэн, судлаач, хүндэт зочин, төлөөлөгчид, Монгол Улсад суугаа дипломат байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгч оролцож байна.
Хурал энэ сарын 27-28-ны өдрүүдэд ХСИС-д үргэлжилнэ.
Эх сурвалж: ХЗДХЯ