Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод баригдаж буй зөрчилтэй, зөвшөөрөлгүй барилгуудыг цэгцэлж, хуулийн дагуу шийдвэрлэхээр захирамж гаргаж холбогдох албаныханд үүрэг даалгавар өгч байгаа. 09 сарын 10-ны өдөр “Барилгын ажилд илэрсэн зөрчлийг арилгах, гүйцэтгэлд хяналт тавих тухай” А/853 тоот захирамж гаргасан бөгөөд тус захирамжийн 6, 7 дахь заалтаар зарим зөрчилтэй барилгын ажлыг зогсоож, хуулиас дээгүүр эрх мэдэл гарган ямар ч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, барилгын норм хангаагүй зарим барилгыг нураахаар боллоо. Батлагдсан ерөнхий төлөвлөгөөг зөрчиж, барилгажих талбайн хэмжээг томруулсан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Урт цагаан” үйлчилгээний төвийн хойно иргэн Ц.Дагвадоржийн захиалгаар “Сүмбэр цамхаг” ХХК-ийн барьж буй үйлчилгээтэй орон сууцны барилга, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бямбасүрэнгийн захиалгаар барихаар зохих зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил гүйцэтгэсэн үйлчилгээтэй орон сууцны барилга байгууламжийн угсралтын ажлыг түр хугацаанд зогсоож, анх олгогдсон газрын хэмжээ, батлагдсан зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус үүрэг болгожээ.
Мөн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт гаражуудын дээр батлагдсан ерөнхий төлөвлөгөө, барилгын зураг төсөлгүй, барилгын норм, дүрмийн шаардлага хангаагүй, дутуу барьсан барилгыг гаражуудын хамт “Нью хакуба” ХХК-ийн зардлаар бүрэн буулгуулах асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгалаа. Цаашид хууль бусаар дур мэдэн барилгын ажил эхлүүлэх, иргэдийн өмч, эрх чөлөөнд халдсан үйлдэл гаргахгүй байхыг олон нийт, барилгын компани, аж ахуйн нэгжүүдэд анхааруулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.