Дуучин эгч дүүсийн “Сүүн залбирал” тун удахгүй

Дуу хуурын өлгий нутгийн дуучин эгч дүүс гэдгээрээ олонд танигдаж, үзэгч түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж яваа уртын дуучин Б.Наранцогт, “CLASSIC GEM” хамтлагийн дуучин Б.Отгончимэг нар хамтарсан тоглолтоороо үзэгч түмэндээ бэлэг барихаар болжээ. Тиймээс бид Уртын дууч МУГЖ Чулуунцэцэгийн гарын шавь Б.Наранцогттой уулзаж цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Уран бүтээлийн сонин сайхан юу байна?

-Баярлалаа. Юуны өмнө уншигчиддаа,  энэ өдрийн мэндийг хүргэе. Хэдхэн хоногийн өмнө дүүтэйгээ хамт дуулсан “Сүүн залбирал” гэх дуундаа клип хийлгэсэн. Мөн ирэх сарын 4-нд “Сүүн залбирал” нэртэй тоглолтоо хийх гээд их л завгүй байна даа.

-Та хоёрын хамтарсан анхны бие даасан тоглолт бил үү?

-Тийм ээ, өмнө нь тус тусдаа хамтлагаараа тоглолт хийж байсан. Хамтарсан тоглолт хийж байгаан анхны удаагийнх.

-Тоглолтын бэлтгэл хэр явагдаж байна?

-Тоглолтын бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдчихсан байгаа.

-Эгч дүү хоёр дуучин, тэр дундаа нэг нь уртын дуу дуулдаг, нөгөө нь поп опера чиглэлээр дуулдаг хүмүүс хамтарч тоглолт хийнэ гэхээр олон хүн сонирхож байгаа байх. Тоглолтын онцлог юу вэ?

-Манай Монголд эгч дүүс дуучид бас цөөнгүй байдаг. Үүнээс бид хоёр юугаараа ялгаатай вэ гэхээр би уртын дуу дуулдаг, дүү маань поп опера чиглэлээр дуулдаг мэргэжлийн дуурийн дуучин гэдгээрээ онцлогтой. Харин бид хоёрын хамтарсан уран бүтээлүүд нийтийн дуу талруугаа, хуучны кино жүжгийн дуу түлхүү байгаа тэгэхээр манай тоглолт энэ бүхнийг бүгдийг нь багтаасан тоглолт болно гэдгээрээ онцлогтой байгаа.

-Тэгэхээр тоглолтод урдын дуу, нийтийн дуу, поп опера дуунууд бүгд дуулагдана гэсэн үг үү?

-Тийм. Манай тоглолт ерөнхийдөө гурван хэсгээс бүрдсэн. Эхнийх нь хуучны дуунууд, дунд хэсэг нь мюзикл хэлбэрээр, төгсгөл нь амьд хөгжимтэй явна. Бидний тоглолтыг үзэх гээд зориод ирсэн хүмүүстэй, харамсахааргүй сайхан тоглолт үзүүлж, арай нэг өвөрмөц зүйлийг үзүүлэхийг зорьж ажиллаж байна даа.

-Тоглолтын нэрний тухайд?

-Эх хүний бодол хүүхдүүдийнхээ заяаг түшиж явдаг гэж би боддог. Өөрөөр хэлбэл, хүүхдийнхээ сайн сайхны төлөө үргэлж залбирч байдаг. Тиймээс бид хоёр ээжийнхээ ариун цагаан сүүн залбирлаараар өнөөдрийг хүрсэн юм гэсэн утгыг бэлэгдэж “Сүүн залбирал” нэрэлсэн. Тэр ч утгаараа би дууныхаа шүлгийг өөрөө бичсэн.

-Урилгаар ямар нэгэн хамтлаг дуучид ирэх болов уу, Шуранхайгийнхан маань ч юм уу?

-МУАЖ А.Долгор, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, Аянга хамтлаг болон “CLASSIC GEM” хамтлаг оролцоно.

-Нууц биш бол тоглолтынхоо гэнэтийн бэлэгнүүдээс зарим нэгийг нь задлахгүй юу?

-Манай тоглолтын үеэр ахмадын баяр, багш нарын баяр таарч байгаа. Тиймээс хамгийн өндөр настай үзэгчдээ хос авдар бэлэглэнэ. Мөн азтай үзэгчдийг шалгаруулж хилийн чанадад аялах эрхийн бичиг гардуулна гээд олон олон гэнэтийн бэлгийг бэлдэж байгаа.

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …