Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд өнөөдөр Эрх чөлөөний талбайд тайван жагсаал хийлээ. Тухайлбал эмч, эмнэлгийн салбарынхан Засгийн газраас цалингаа нэмэхийг шаардаж тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэж байсан. Уг Жагсаалд 21 аймгаас эмч нарын төлөөлөл ирж оролцсон бөгөөд Сүхбаатаарын талбай хүртэл тайван жагсаал хийлээ. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарынхан 2-3 дахин давсан ачаалалтай ажиллаж байгаа хэдий ч 434-660 мянган төгрөгийн цалин авч байгаа юм. Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газарт цалинг нэмэгдүүлэх талаар удаа дараа шаардлага тавьж байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүн гараагүй байна. Энэ оны нэгдүгээр сард байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн Улсын гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт хэлэлцээрээр цалинг нэмэх асуудлыг тусгахаар болсон билээ. Гэвч Засгийн газрын зүгээс энэхүү нэмэлт хэлэлцээрийг зөрчин 2018 оны Улсын нэгдсэн төсвийг УИХ-д өргөн барихдаа цалин, тэтгэврийг нэмэх талаар огт дурдаагүй байжээ.
Иймд эрүүл мэндийн салбарынхан тайван жагсаал зохион байгуулж УИХ, Засгийн газар, холбогдох Байнгын хороодод “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн 3.2 дах заалтыг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх, шаардагдах хөрөнгийг 2018 оны улсын төсөвт нэмж тусган шийдвэрлүүлэх шаардлага тавьж байна. Уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулиар олгогдсон эрхийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс ажил хаялт хийх хүртэл хамтын тэмцлээ үргэлжлүүлэхээ албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү шаардлагын хариуг энэ сарын 11-ны дотор Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоонд ирүүлэхийг хүслээ.