АТГ-ын албаны сайтад гарсан нэгэн мэдээлэл анхаарал татлаа.
Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Эрчим хүчний яамны 2015-2017 оны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгасан дүнгээ 10 сарын 03-ны өдөр тус газрын “Олон нийтийн төв”-д хэлэлцүүлсэн байна.
Тайланг хэлэлцүүлэхэд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба, Улсын ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат болон Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, тус яамны газар, хэлтсийн удирдах албан тушаалтнууд оролцжээ.
АТГ-аас хийсэн дээрх шалгалтаар ЭХЯ-ны нэлээд олон зөөрчил илэрснийг энэхүү хэлэлцүүлэгт дурьджээ. Тухайлбал, Тус яамны 15 албан хаагч хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүй томилогдсон байна.
Түүнчлэн Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал хууль давсан журам гаргаж иргэд, аж ахуйн нэгжүүдээс хууль бусаармөнгө татасаныг дурьджээ. Тодруулбал, тус байгууллага нь хуулиас давсан журам баталж үндэслэлгүйгээр нэмэлт төлбөр, хураамж тогтоосон нь тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг хохироож байна гэж үзэх үндэслэлтэйг шалгалтын комисс дурьджээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд Түлш, эрчим хүчний чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах хураамжийн хэмжээг хатуу тогтоож өгсөн байтал Эрчим хүчний сайдын 2012 оны 64 дүгээр тушаалыг үндэслэж Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2012 оны Б/36 дугаар тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны үйлчилгээний үнэ тооцох журам”-ыг батлан тусгай зөвшөөрөл олгох үндсэн нэр төрлийн суурь үнэ 100 мянган төгрөгийг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн дансанд тушаахаар зохицуулсан байна. Мөн тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээний 6 төрлийн 26 ажилд 100 000-1 600 000 төгрөгийг Эрчим хүчний хөгжлийн төвийн дансанд төвлөрүүлсний дараа тусгай зөвшөөрлөө авдаг байна. Энэ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг зөрчсөн байна.
Мөн “Эрчим хүчний хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг батлахдаа 9 нэр төрлийн тусгай зөвшөөрөл олгохоор тусгаж өгсөн нь хуулиар олгогдоогүй эрхийг дүрэмд тусгаж өгсөн байна. Эрчим хүчний салбарын нийт 22 төрийн өмчит компани, аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулж байгаа ч зарим аж ахуйн нэгж, байгууллагын чиг үүрэг давхацдаг, зарим нэгж нь, тухайлбал “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газар нь ажилчдынхаа цалинг тавих боломжгүй, санхүүгийн хувьд хүндрэлтэй, үйл ажиллагаагаа санхүүжүүлж чадахгүй, алдагдалтай ажиллаж байхад зарим төрийн өмчит үйлдвэрийн газар, ХК-иудын удирдлага, ажилтнуудын үндсэн цалин өндөр, сар бүр 10-50 хувийн урамшуулал авч байгаа нь салбар хоорондын ажлын уялдаа холбоо алдагдсан, зохион байгуулалт, үйл ажиллагааны доголдолтой гэж Ажлын хэсэг үзэв. Өөрөөр хэлбэл “Эрчим хүчний хөгжлийн төв” гэдэг байгууллагын дарга ажилтнууд цалин дэрээ сар бүр 10-50 хувийн нэмэлт урамшуулал авсан дээрх үйлдлийг төсвийн хөрөнгийг хэмнэх биш үргүй ажилласан гэж харахад хүргэж байна.
Тэгвэл “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК сар бүр албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг дүгнэн сарын үндсэн цалингийн 30-50 хувь хүртэл хэмжээгээр урамшуулал олгодог бөгөөд нийт албан хаагчдад сар бүр тогтмол олгосон үр дүнгийн урамшуулалд 2016 онд 1 тэрбум 96 сая, 2017 оны эхний улиралд нийт 450,6 сая төгрөг олгосон байна. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба “Нэг төрийн байгууллагын албан хаагчдын хоёр жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг энэ компанийн албан хаагчид үндсэн цалингаасаа гадуур сар бүр авч байгаа юм байна. Энэ хэр зохистой вэ. Цаашид анхаараарай. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн илрүүлсэн зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байхад Төрийн албаны зөвлөл хяналт тавьж ажиллана” гэж анхааруулаад орсон байна.
Харамсалтай нь улс орны эдийн засаг, төсөв санхүү хүндрэлтэй байгаа энэ үед хууль зөрчөөд өөрсддөө их хэмжээний цалиан урамшуулал авсан энэ үйлдэлд хариуцлага тооцохын оронд тэдний толгойг илээд, цаашид анхааран ажиллаарай гээд орхиж байгааг юуу гэж ойлгох ёстой вэ?
Улсын ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат, тус яамны 2016 оны улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын арга хэмжээний хэрэгжилтэд Үндэсний Аудитын газраас шалгалт хийсэн дүнг танилцуулсан байна. Тус яам худалдан авах ажиллагаанд төлөвлөлтийн алдаа гаргасан, газрын маргаантай бөгөөд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх объектыг барих газрыг нь шийдээгүй байж төсөвт хөрөнгийг нь тусгуулсан. Олон шалтгааны улмаас 89.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 10 барилга байгууламж ашиглалтад хүлээн авах боломжгүй байж байгаа. Энэ бол улсын төсөвт учирч байгаа бодитой хохирол гэж тэрээр хэллээ.
Мөн Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны санхүүгийн нэгдсэн тайланд аудит хийхэд нийт 18 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Үүнд аудитын байгууллагаас төлбөрийн акт тогтоосон юм байна. Тус салбарын өглөг авлага өсчээ. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайлангаар 97.4 тэрбум төгрөгийн авлага тайлагнасан байна. Өмнөх оныхоос энэ нь 24.3 тэрбумаар өссөн дүн ажээ. Төсвийг 2,5 тэрбум төгрөгөөр хэтрүүлсэн гэдгийг улсын аудитор А.Энхбат зөвлөх онцоллоо.
Шалгалтын дүнгээс ерөнхийд нь дүгнэн үзвэл П.Ганхүү сайдын үүрэг гүйцэтгэгчээр удирдуулсан Эрчим хүчний салбар яамнаасаа эхлээд салбар нэгж хүртлээ улсын төсөв хэтрүүлсэн, үргүй зардал гаргасан, төрийн албаны тухай хууль зөрчсөн, өр авлагад баригдуулсан, тендерийн алдаа гаргасан гэх зэрэг хариуцлага тооцоод зогсохгүй, хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгах ёстой ноцтой алдаа завхралыг гаргажээ. Тиймээс ЭХСҮГ П.Ганхүүг болон холбогдлх албантушаалтнуудыг АТГ, ЭЦГ-аас дээрх зөрчлүүдтэй нь холбогдуулан нарийвчлан шалгах нь зүйтэй болов уу?
Төрийн албыг хашиж байгаа өөрсдөө ашиг хонжоо хайдаг явдал аль ч салбарт гарах ёсгүй.
Ц.Мөнх