“Фантастик” продакшны хөдөлмөрч, уран бүтээлч залуусын ээлжит бэлэг болох “Зүрхний хилэн” киног монгол хүн бүр хоног тоолон хүлээсэн гэхэд хилсдэхгүй. Тус продакшны найруулагч Б.Тамир ийнхүү анхны түүхэн киногоо найруулан бүтээж үзэгч олны хүртээл болгов.
Өмнө нь “Маш нууц”, “247 хэм”, “Миний ах атаман”, “Аз жаргалын шок” зэрэг кино найруулж байсан Б.Тамир Манж Чин улсын дарлалд өртөж, таван цулаа хэмхчүүлж, эх орныхоо төлөө цолхилох зүрхээ зориулсан эрэмгий монгол эрсийн түүхийг 1860-аад оны цаг үетэй холбосон кино бүтээсэн нь энэ.
Харин өгсөн ярилцлага бүртээ Монголын кино урлагийн хөгжлийг арван шатаар урагшлуулчихсан мэт сэтгэгдлийг үлдээж байсан хүлээлт ихтэй, хийсэн залуус нь “шинэ, шинэлэг, шинэчлэл” гэх үгсийг давтаж, бүтээлч оюун ухаан, уншиж судалсан үүх түүх, номын мэдлэгээ гайхуулж ирээдүйн дүү нар минь “ном унш, түүхээ судал” гэж анхааруулах болсон тэд ямар хямдхан зөрчилтэй бүтээл дэлгэцэнд амилуулснаа нэг нь ч гэсэн ухамсарласан болов уу.
1.
Судлаач, доктор П.Батхуяг “Фантастик” продакшны ээлжит нэгэн уран бүтээл болох “Маш нууц” киног “Хашгираан доторх маш нууц” гэж дүгнэсэн байдаг. Ер нь тус хамтлагийн залуус “Миний ах атаман” хэмээх залуусын цөсийг багагүй хөөргөсөн, сүржин зургууд бүхий рекламны хэдэн дүрс нийлүүлсэн шиг утга санаа нь энд тэнд төөрч тусгай зангилаа бүртээ эрч нь суларсан дэлгэцийн бүтээл хийснээс хойш “хашгираан”-ыг үргэлж чухалчлан харах болсон нь “Зүрхний хилэн” дээр бүүрч тодхон харагдаж байсныг нуух юун.
Урлаг үнэндээ хүнд сайхан сэтгэгдэл, омогшил төрүүлэхээс илүүтэй “асуулт” үлдээхийг чухалчилдаг. Утга санааны хувьд аль хэдийн хүн бүхний танил болсон зүйлсийг дэлгэрүүлэн нуршиж сүржин, хурц үйл явдлуудаар чимэглэснээс өөр зүйл олж харсангүй. Олон нийтийн харцыг булаахын тулд хэтэрхий гоёж гангалаад камерын өмнө зогсоочихсон хүн шиг санагдана. Бид бахархах, харуусах ч түүхтэй улс мөн. Гэвч “Хангал морины туурайгаар монгол шороогоо тамгална” гэж андгай өргөсөн өнөөх сайн эрс нь морио хаяж тэмээ зайдалчихаад морьтой хүний араас хөөж яваа үзэгдлийг харахад ямар “манж” нь ийм үйл явдлыг зохиолын дундуур шургуулах санааг тэдэнд тавьж, өнөөдүүл нь дэмжив гэж халагламаар.
Монголд сайн кино хийгдэхгүй байгаа нь “сайн зохиолч алга” байгаатай холбоотой гэж саймширдаг урлагийнхан маань өөрсдөө ёстой л атгахан зүрхний хилэнгээрээ зохиол бичжээ. Манж үндэстнийг эсэргүүцэн босож, эх орон, атга шорооныхоо төлөө тэмцсэн шилийн сайн эрс, улс үндэстнийг хатуу бодлогоор барьж, туйлдуулж асан Чин гүрний амбан Фунь Жоу нарын хооронд хэтэрхий хиймэл, хямдхан зөрчил үүссэний эцэст өнөө л хашгирч орилсон тулалдаан өрнөнө. Зөвхөн архивын дүрс ашиглаж, хөдөлгөөнд оруулсан эксперменталь кино бүтээгээгүйгээс хойш зохиолыг сайн боловсруулах хэрэгтэй байв. Хүүрнэл давамгайлах болсон өнөөгийн кино урлагт эхлэл, төгсгөлөө мартаж орхисон, дутуу тайлалтай киногоор дэлхийн сонорыг дэлдэнэ гэдэг юу л бол.
Мэдээж кино урлагийн талаас яриа үүсгэнэ гэвэл “Зүрхний хилэн”-г жишээ болгон татахад хэтэрхий жулдана.Учир нь зохиол, харилцан яриа бол найруулагчийн чанартай зэвсгүүдийн нэг буюу барьж буй барилгын хана болохоос суурь биш. Гэвч нэгэнт л түүхэн сэдэвтэй, нийтийн зорилгод таацуулан хийсэн бүтээл хойно аман ярианаас сэдэвлэж бичсэн логик дараалал муутай зохиолоор үзэгчдээ дахин хуурахгүйг хүсэхээс өөр яалтай.
2.
Хүүрнэх процессын хувьд гол дүрийн баатрыг тодруулах зөрчил, туйл хийгээд тайлал чухал үүрэгтэй. Гэтэл шилийн сайн эрсийн огцом хэрнээ хямдхан зөрчил туйл руу эцэслэн хүрэх “хашгираан” утга хийгээд ур хийц муутай тайлал нь арилжааны киноноос хэтэрч чадаагүйг тодхон харуулж байна.
Эрболд алба гувчуураа нэхсэн манжийн худалдаачинтай сөргөлдөн Батгүн шоронд хоригдох болсноор үйл явдал эхэлдэг. Гэтэл өмнө нь хэн ч хэзээ ч оргож байгаагүй чанга дэглэмтэй тэрхүү тамын газраас зугтаж одсоноор үйл явдал эхэлнэ. Мөнхүү монгол ноёдын амласан эрх чөлөөний бичгийг авахын тулд эрчүүд хамаг хүчээ дайчлах бөгөөд тэднийг барихын тулд Чин улсаас шинээр ирсэн амбан сайд Фунь Жоу өөрийн эрх мэдэл болоод хэрцгий зан араншиндаа огтхон ч тохироогүй явцуухан аргуудыг хэрэглэдэг.
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү