Морьтон монголчууд хэмээн дэлхийд гайхагддаг манай ард түмний адуу малаа маллах, хурдан морио уралдуулах, уналга эдэлгээндээ ашиглах аугаа өв соёлыг өвлөн уламжилж яваа буурал уяачдыг “Залуу хүүхэн, даргын охин хүчиндсэн” гэх хүн итгэмээргүй хэрэгт гүтгэсэн үйлдлийн талаарх мэдээлэл сүүлийн хэдэн өдрүүдэд цахим хэвлэлээр шуугиж байгааг нуух юун. Тодруулбал өнгөрсөн сарын 23-27 ны өдрүүдэд Хөх хотод болсон Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспод Монголын морин спорт уяачдын холбоо 20 орчим хүний бүрэлдэхүүнээ илгээж холбооныхоо үйл ажиллагааг сурталчлах, харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготойгоор оролцжээ.
Экспод оролцоод буцах замд нь дээрхи үйл явдал болсон гэх бөгөөд тус мэдээллийн талаар экспод оролцоод ирсэн уяачдын төлөөлөл, Монгол Улсын Тод манлай уяач, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг тодруулга өгсөн байдаг. Тэрээр “Бид Эрээн-Улаанбаатар хотын хооронд үйлчилдэг олон улсын эрхтэй автобусыг төлбөрийг нь бүтэн төлж хоёр талд нь хөлсөлж авч явсан.
Биднийг Замын үүдийн боомтоор гарч ирэхэд гархад авто тээврийн үндэсний газрынхан шалгаж, манай автобусыг цаг гаруй зогсоосны эцэст нэг танихгүй хүүхэн суулгасан. Тэгээд жолоочоос нь яагаад ингэж удав, юун хүүхэн суулгачихав гэж лавлаж асуухад “Даргын хүн тул аваад яв гэсэн” гэж тайлбарлаж гуйсан. Тэгхээр нь бид жолоочийг бодоод илүү дутуу юм ярилгүй аваад явсан.
Бид автобусанд ярьж хөөрч, дуулж, хуурдаад явж байсан чинь Сайншандын зам дээр тусгай хэрэгсэлгүй Приус маркын автомашинтай авто тээврийн үндэсний газрын байцаагч зам хашиж зогсоод ямарч тайлбар хийлгүй, шалтгаангүйгээр дахин цаг гаруй зосоосон. Тэгээд зогсч байтал Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс цагдаа нар ирж биднийг цагдаагийн хэлтэстээ аваачиж зарим хүмүүсийг маань байцаасан. Биднийг аймгийн төв дээр дээр очиход Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цоггэрэлийн цэргүүд гэсэн хэдэн хүн ирээд автобусны маань хоёр ээлжний жолооч нарыг дарамталсан. Тэгээд биднийг Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэсээс байцаалт авсаны эцэст ямар нэгэн хэрэг зөрчил гараагүй атал биднийг ирүүлж байцаасандаа уучлал гуйгаад явуулсан.
Цагдаа нар биднийг явуулахдаа хэрэв өнөөдөр болсон явдалд та нар гомдолтой бол “Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа автотээврийн үндэсний газарт гомдлоо гаргах эрхтэй” гэж хэлж байсан. Тэгээд бид шөнийн 01.00 цагийн үед явцгаасан. Манай автобусанд 20 гаруй настай намбатай хүмүүс явсан. Би бүр хүүтэйгээ явж байсан. Гэтэл бид Улаанбаатарт ирээд байж байтал дээрхи ор үндэслэлгүй худал мэдээлэл буюу эрүүгийн онц ноцтой хэрэгт биднийг холбосон мэдээлэл цахим хэвлэлээр цацагдаж эхэлсэн” хэмээжээ.
Тиймээс дээрхи ор үндэслэлгүй мэдээлэлд цэг тавихаар Монголын морин спорт уяачдын холбооноос Дорноговь аймгийн салбар холбоогоороо дамжуулан Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт ханджээ. Тус цагдаагийн газраас дээрхи мэдээлэлтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаагүй тухай албан бичгийг уяачдын холбоонд ирүүлжээ. Ийнхүү буурал уяачид бусармаг үйлдэл гаргаж, хүүхэн хүчиндсэн гэх мэдээлэл ор үндэслэлгүй болох нь тодорхой болжээ.
Эх сурвалж: urlag.mn