Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2013 оны тавдугаар сарын 25-ны бямба гаригт/ болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг баталлаа
Журамд Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ явуулах, түүнд хяналт тавих байгууллагуудын хооронд үүсэх харилцаа, хяналт тавих чиг үүргийн нарийвчилсан зохицуулалтыг тусгасан байна. Мөн тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд тавигдах шаардлагуудыг тодорхой болголоо.
Тухайлбал, тамхийг худалдааны байгууллагын кассны дэргэд байрлуулахгүйгээр тусгайлан лангуугаар худалдаалах, тамхи худалдаалах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь ЕБС-ийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн доторх зайг тодорхойлсон кадастрын зургийг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраар баталгаажуулсан баримт гаргуулсан байх шаардлагатай болж байна. Мөн баяр ёслол, биеийн тамирын уралдаан, тэмцээн, соёл урлагийн тоглолт, аялал зугаалга, өдөрлөг зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа газарт тамхи худалдаалах болон ширхэгээр, гудамж талбайд, гар дээрээс, дуудлагаар хүргэх үйлчилгээгээр худалдаалахыг хориглолоо.
Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоо чухал. Тодруулбал, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, мэргэжлийн хяналт, цагдаа, гааль, татварын байгуулага бүр тамхины худалдаа, үйлчилгээтэй холбоотой зөрчлийн талаарх иргэдийн мэдээлэл, гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэх нээлттэй утсыг олон нийтэд зарлан тогтмол ажиллуулна. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь тамхи худалдах үйл ажиллагааны зөрчилтэй холбоотой мэдээлэл, гомдол саналаа эрх бүхий ажилтан, улсын байцаагчид хүргүүлж шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа юм.
АОХН-ийн Сайд нарын Бага хурлын дүнг сайшаалаа
Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотноо 2013 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар Бага хурлын дүнгийн тухай хэлэлцээд, хурлын дүнг сайшаалаа. Мөн тус хуралд бэлтгэх Үндэсний хорооны удирдлага, гишүүд, хурлыг зохион байгуулахад идэвх, хүчин чармайлт гарган оролцсон төр, засгийн байгууллага, албан хаагчид, хувийн хэвшлийнхэн, сайн дурынханд талархал илэрхийлэх нь зүйтэй гэж үзжээ.
Улаанбаатар хотыг олон улсын арга хэмжээний нэг төв болгох зорилгоор Олон улсын хурлын цогцолбор байгуулах санал боловсруулан, шийдвэрлүүлэх, Монгол Улсад ардчиллыг дэмжих институцийг байгуулах зорилгоор олон улсын сонгуулийн ажиглагчдыг бэлтгэх, туршлага солилцох төвийг олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж дэмжлэгтэйгээр байгуулах чиглэлээр ажиллах зэрэг ажлуудыг АОХН-ийн Сайд нарын Бага хурлын мөрөөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Мөн НҮБ-ын албан ёсны 5 хэлээр олон улсын мэргэжлийн түвшний синхрон орчуулагч дотооддоо байнга бэлтгэдэг сургалтын төвийг байгуулах, гадаадад дадлага хийлгэх цогц хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, Улаанбаатар хотноо 2016 он хүртэлх хугацаанд хүлээн авч болох олон улсын арга хэмжээнүүдийн жагсаалтыг гарган, холбогдох олон улсын байгууллагатай ярилцаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх зэрэг асуудлыг төлөвлөн хэрэгжүүлэхийг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.