Төрийн ордонд Ардчилсан намын бүлгээс шинээр байгуулагдах Засгийн газар, болон төсвийн тодотголтой холбоотой мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат“Засгийн газар огцроод нэг сар гурав хонож байна. Шинэ Ерөнхий сайд томилоод долоо хонож байна.
Яг үнэндээ Монголын төрд энэ хугацаанаас хойш төрийн гүйцэтгэх ажил зогсож, төрийн бүх шатанд үл үзэгдэх хулгай дээрэм, хариуцалгүй байдал газар авч байна. Ийм учраас иргэд төрийн албан хаагчдыг шүүмжилж байгаа.
Дээд нь суудлаа олохгүй бол доодох нь суудлаа олохгүй үлгэр өнөөдөр Монголд болж байгаа. “Улс орныхоо эрх ашгийг бодож Засгийн газраа шуурхай байгуулах ёстой гэж бид үзэж байна. Тийм учраас эрх баригчид дотоод зөрчилдөөнийг зогсоох хэрэгтэй байна. Төрийн ажил удааширч байгаа нь ард түмэнд сөргөөр нөлөөлж байна.Төсвийн тодотголд алдаатай хууль зөрчсөн олон үйлдэл гарч байна. Төсвийн орлого төлөвлөснөөс 1 их наяд төгрөгөөр давж байна. Эдийн засаг дампуурлаа гэдэг үлгэрээр цааш явж болохгүй. Шинэ засгийн газар энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Шинэ засгийн газар төсвийн тодотголыг дахин эргэж хараач ээ.
Нэмэгдсэн орлогоос бид гурван зүйлийг зардал талдаа эргэж харах зүйтэй гэж харж байгаа
Нэгд:Хуулинд нийцсэн хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохыг үргэлжлүүлэн олгох нь зүйтэй
Хоёр:Багш,эмч нарын болон бага цалинтай зарим төрийн албан хаагчийн цалин урамшууллыг зайлшгүй нэмэх шаардлагатай гэж бид харж байна.
Гурав:Илүү гарч байгаа орлогыг үр ашиггүй зардалд зарахын оронд энэ орлогоо өр хаах болон хуримтлалынхаа санд оруулах хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байгаа. Бид зөв шударга шаардлага гэж харж байгаа. 2018 оны төсвийн тодотголыг анхнаас нь зөв батлах ёстой” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан“2018 оны нэг сард Чингис бондын 500 сая долларын өрийг барагдуулах бүрэн боломж байна. Улсын төсөвт, иргэдийн нуруун дээр дарамт учруулахгүйгээр Чингис бондоос зээл авсан аж ахуйн нэгжүүдээр нь төлүүлэх боломж бололцоо байна. Бид зээлийг зээл авсан хүмүүсээр нь төлүүлэх ёстой. Тиймээс биш бондын мөнгийг татвар төлөгчийн мөнгөөр төлөх тухай ярьж болохгүй. Чингис бондын дараагийн төлбөр бол 2022 оны 12-р сард байгаа.Харин самурай бондын эхний төлбөр 2023 оны 12-р сарын 25-нд төлнө” гэлээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа“Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулагдаагүй байгаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөө яаралтай байгуулагдах ёстой. ОУВС-ийн хөтөлбөрийг зөрчөөд хүүхдийнхээ мөнгийг дараа оны төсөвт суулгаагүй байж түрүүлж олгосон. ” гэж мэдээллээ.
Г.Нараа