Яармагийн шинэ гүүр барих төсөл үргэлжилж байна

“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл үргэлжилж байна

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих  “Яармагийн шинэ  гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн ажил үргэлжилж байна.

Энэхүү төсөл нь Яармагийн гүүрийн орчмын олон замын уулзварт, удахгүй ашиглалтад орох  Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1,2“ зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг олон түвшний огтлолцолоор холбож, авто замын нэвтрүүлэх чадварыг  сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой юм. Хотын авто замын сүлжээг сайжруулах ажлын хүрээнд Чингис хаан ОУНБ, хотын баруун хэсгийн үйлдвэрлэлийн бүс болон өсөн тэлж буй хотын баруун, баруун урд хэсгийг хоттой холбох Наадамчдын зам, Чингисийн өргөн чөлөөний авто замыг өргөтгөн шинэчилж, Богд уулын арын зам болон ТЭЦ-4-ийн замуудыг шинээр барьж ашиглалтад оруулсан. Иймээс  энэхүү олон замын уулзварт байрлах, 1959 онд баригдаж ашиглалтад орсон Яармагийн гүүрийг засварлаж, тус гүүрийн зэрэгцээ шинэ гүүр, олон түвшний огтлолцол барих шаардлага урган гарсан юм.

Төслийн хүрээнд баригдах шинэ гүүр нь 250,2 у/м,  20,5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд  хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй байна.  Шинээр барих гүүр доогуур нэвтрэх А рамп зам дээрх гүүр нь 2-10м-ийн жаазан гүүр,  В, С рамп  зам нь асфалт бетон хучилттай байна. Урд эргийн шинэ барих D рамп-д 9х30м-ийн хүчитгэсэн бетон угсармал дам нурууг ашиглах юм.

Хуучин гүүрийн засварлах ажлын хүрээнд гүүрийн  ховхорсон ригель болон бетон хучилтыг засаж нөхөх, завсрын тулгуур, даацын тулгуур баганыг засварлах, хүчтэй элэгдэлд орсон даацын тулгууруудыг бэхжүүлэх,   явган хүний зам, хашлага, гэрэлтүүлгийг солих, голын даланг бэхжүүлэх зэрэг ажлуудыг хийнэ.

Өнөөдрийн байдлаар үндсэн гүүрийн 30 багана тулгуураас 27 баганын цутгалт хийгдсэн. 10 ригелээс 5 хийгдсэн. 36 гадсан суурийн ажил дууссан, 45 дам нурууны  цутгалт,  Д-рампны 20 гадсан сууриас 16 хийгдсэн.  18 баганан тулгуураас 4 болон 4,000 м3 далангийн дүүргэлт хийгдсэн бөгөөд цахилгаан, холбооны ажил дуусах шатандаа явж байна.

Төслийн захиалагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газар, ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын Төмөр замын 20-р товчоо групп корпораци, зөвлөхөөр “Эс Ар Пи Инженер консалтинг Монголиа”ХХК  ажиллаж байна гэж Нийслэлийн Авто замын аөгжлийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …