Энэ жил Монгол улсад Үйлдвэрчний Эвлэлийн хөдөлгөөн үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Мөн удахгүй энэ байгууллагийн 4 жил тутам болдог чуулган болох гэж байна.
1917 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөөгийн алтны уурхайд ажиллаж байсан Орос, Монгол ажилчид хөдөлмөрлөх эрхээ хамгаалахаар тэмцсэнээр Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсэх суурийг тавьсан түүхтэй. Өдгөө 100 жилийнхээ босгыг давж буй МҮЭ-ийн байгууллага 450 мянга орчим гишүүн, дэмжигчидтэй, 22 салбар холбоо, мэргэжил үйлдвэрлэлийн 14 салбар холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
МҮЭХ 100 жилийн түүхийн нугачааг туулахдаа дардан замаар явсангүй.
1923 онд “Олон ястны үйлдвэрчний эвлэл” нэртэй болж орос, монгол, хятад ажилчдыг эгнээндээ нэгтгэсэн. Зөвлөлтийн ажилчин албан хаагчид “Олон ястны үйлдвэрчний эвлэл”-ээс тусгаарласан тул 1925-1926 онуудад “Худалдаа, үйлдвэрийн үйлдвэрчний эвлэл”, “Эмнэлэг, гэгээрлийн ажилтны үйлдвэрчний эвлэл”, “Албан хаагчдын үйлдвэрчний эвлэл”, “Тээх нэвтрүүлэхийн үйлдвэрчний эвлэл” тус тус байгуулагдсан. МАХН-ын Төв Хорооны дэргэд 1925 онд эвлэлүүдийг удирдах төв үйлдвэрчний эвлэлийн байнгын комисс байгуулагдаж үйлдвэрчний эвлэл байгуулах ажлыг хийсэн. 1927 онд Монголын нийт ажилчин албан хаагчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын 115 төлөөлөгч оролцсон МҮЭ-ийн анхдугаар их хурлыг хуралдуулж, ҮЭ-ийн дүрмийг баталж, анхны даргаар Ц.Дамбадорж сонгогджээ. МҮЭ-ийн зорилго нь “Засаг төрийг бэхжүүлэх, эдийн засгийг хөгжүүлэх, үйлдвэрчин ардыг гэгээрүүлэн боловсруулах явдал” байжээ. Үйлдвэрчний эвлэлийн үүрүүд нэмэгдэн байгуулагдаж гишүүд нэмэгдэх тусам нийгмийн амьдралд ҮЭ-ийн оролцоо нэмэгдэж зарим талаар хэт их оролцох болсон. 1929 оноос Монголын ноёд, тайж нараас хөрөнгө хураах үйл ажиллагаанд оролцож 5.2 сая төгрөгийн хөрөнгө хурааж, 1.7 сая төгрөгийн үнэ бүхий зүйлийг ядуу ардад тараан өгчээ.
1937 оны Их хэлмэгдүүлэлтийн бараан өдрүүдэд ҮЭ-ийн удирдлагууд эхний ээлжинд өртсөн байдаг. Нэг намын үзэл суртал тогтсон Социалзмын он жилүүдэд ҮЭ-ийг намын үзэл суртлын зэвсэг болгохыг зорьж байсан хэдий ч үе үеийнэ ҮЭ-ийнхэн ажилчин, хөдөлмөрчдийнхөө эрх ашгийг хамгаалах үйл хэргийг тэргүүн эгнээнд тавьсаар ирсэн уламжлалтай.
1990 онд Монгол улсад өрнөсөн ардчилсан хувьсгалын нөлөөгөөр МҮЭ төрөөс хамааралгүй, биеэ даасан олон нийтийн байгууллагын хэмжээнд зохион байгуулагдан ажиллах болсон. 1990 онд болсон МҮЭ-ийн YI бүгд хурлаар үйдвэрчний эвлэлийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилсөн. Мөн оны 6 дугаар сарын 6-нд МҮЭ-ийн ээлжит бус XIY их хурал эхэлж, үйдвэрчний эвлэлүүдийг чөлөөт холбооны хэлбэрээр зохион байгуулсан. Тус хурлаас “Үйлдвэрчний эвлэл нь аль нэг нам, төрийн байгууллагаас үл хамааран ажилладаг, гишүүдийнхээ язгуур эрх ашгийг хамгаалан, амьжиргааны үндсэн хэрэгцээг хангахуйц баталгаат цалин хөлстэй байх, ашиг сонирхлыг хамгаалах гол үүрэгтэй хөдөлмөрчдийн байгууллага” хэмээн тодорхойлжээ.
МҮЭ бол хөдөлмөрчид, ажилтнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний хэмжээний байгууллага болон ажиллаж байна. Энэ үүргээ ч нэр төртэй биелүүлж, хэрэгжүүлсээр байгаа билээ.
Ажил олгогч, эздийн сонирхол нь бололцоотой хамгийн хямд өртгийг ажилтанд өгч тэдний хөдөлмөрөөс аль болох их ашиг олохыг хичээдэг бол харин ажилчид өөрсдийн ажил, үйлчилгээндээ л тохирсон сайн хөлс авах сонирхолтой байдаг.
Сонирхлын энэхүү үндсэн ялгаа, саналын зөоүүтэй байдлын улмаас ажилчид ажил олгогч эзэддээ ганц ганцаараа хандаж хүсэлт шаардлагаа тавих биш өөрсдийн нийтлэг шаардлагаа тавьж, шийдвэрлүүлэхийн тулд хамтран эвсэл үүсгэж нэгдэх хэрэгтэй болдог. Иймээс ҮЭ бол Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь салбар холбоодыг нэгтгсэн ҮЭ-ийн төв байгууллага юм.
Гэвч ажилчин, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах энэ байгууллагын үндсэн зорилгыг улс төрд алхах гишүүр шат болгож ирсэн явдал нэг бус удаа гарч байсан. Цаашид ч гэсэн гарахгүй гэх баталгаа алга.
Ажлын байр, ажиллах орчины нөхцөл, цалин хөлсний асуудал бол үе үеийн хөдөлмөрчдийн ажил олгогчидод тавьдаг шаардлага. Энэ шаардлагыг өмнө барьж, уриа лоозон болгон жагсаж, асуудалд улс төрийн байр сууринаас хандаж, МҮЭХ гэдэг энэ улс төрждөггүй байгууллагыг удирдахдаа албан тушаалаа улс төрийн зорилгоор ашиглан УИХ-ын гишүүн болж байсан С.Ганбаатарын түүхийг бид мартаагүй.
Тэр сонгуулийн өмнө амлаж байсан шигээ УИХ-ын гишүүн болсон хойноо монголын эгэл олон жирийн хөдөлмөрчдийн төлөө юу хийсэн вэ гэдгийг нь монголчууд мэдэж байгаа.
Тэгвэл МҮЭ гэдэг энэ байгууллагыг дахин улс төрийн зорилгоор ашиглах, албан тушаал, эрх мэдэлд хүрэх гүүр гишгүүр болгох сонирхол энэ удаад ч зарим хүмүүст мөн байгаа бололтой.
Сүүлийн үед МҮЭХ-ны чуулган болох гэж байгаатай холбоотойгоор МҮЭХ-ны өнөөгийн удирдлагуудын хөдөлмөрчдийн төлөө хийж хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааг харлуулах гэсэн, тэдэн рүү дайрсан, гүтгэсэн элдэв мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах боллоо. Эдгээр мэдээлэл дотор одоогоос 4-6 жилийн өмнө буюу тухайн үед МҮЭХ-ны Ерөнхийлөгч асан С.Ганбаатарын үед эхлүүлсэн тодорхой ажлуудтай холбоотой хөрөнгө мөнгөтэй холбоотой мэдээлэл дурьдагдсан байна.
Ямартай МҮЭХ үндсэн үүргээсээ гажилгүй, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах үүргээ биелүүлэн ажиллаж байгаа. Улс төрийн болон эрх мэдэлд хүрэх зорилгоор МҮЭХ-ны үйл ажиллагааг хардуулах гэсэн элдэв явуургүй ажиллагаа, үйл явцууд нь тухай бүрдээ хөтөлбөргүй баримтаар няцаагдан гүтгэлэг болох нь тогтоогдсоор байна.
Монголчууд бид “Нуухийг нь авах гээд нүдийг нь сохлов” гэж ярьдагчлан улс төрөөс хараат бусаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа МҮЭХ-г буруу зөрүү ойлгуулж, элдэвээр ярьж бичиж, эцэст нь хөдөлмөрчдийн төлөөх энэ байгууллагыг улс төрчдийн гар хөлийн золиос болгоод өнгөрөх бий дээ гэсэн болгоомжлол төрж байгаагаа нуух юун.
МҮЭХ-ны ахмад гишүүн, дэмжигч Ц.Бат