Цаг наргүй, өвөл зунгүй, гадаа гэртгүй ажилладаг хүнийг Цагдаа гэнэ гэсэн үг байдаг. Үнэхээр Цагдаагийн байгууллагын ажилтнуудын ажлын ачаалал өндөр ч авдаг цалин нь тийм ч өндөр биш гэдэг. Цагдаагийн байгууллагад олон жил ажиллаад тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг. Гэтэл олон нийтийн дунд сүүлийн үеэд энэ тэтгэмжийг төрөөс цуцлахаар, 2018 оноос эхлэн олгохоо больж байгаа гэх яриа гарах болсон. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт сошлаар дамжуулан мэдээлжээ.
Тэрээр мэдээлэхдээ: “Сүүлийн үед Цагдаагийн албан хаагчдийн тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын тэтгэмж 2018 оноос хасагдах нь гэсэн яриа гарсан. Ийм зүйл байхгүй. Хууль сахиулах салбарын албан хаагчдийн тэтгэвэрт гарахад олгох 36 сарын тэтгэмж хасагдаагүй. Хасагдахгүй. Алба хаагчдийн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй, ар гэртээ санаа зовох зүйлгүй гүйцэтгэх боломжийг төр бүрдүүлэх үүрэгтэй. Үүний төлөө ажиллана” хэмээгээд Цагдаагийн ерөнхий газраас өөрт нь хандан ирүүлсэн танилцуулга албан бичгийг тавиад ийнхүү хариулжээ.
Ямартай ч Цагдаагийн байгулулагад олон жил ажиллаад насны тэтгэвэртээ гарах гэж байгаа ахмад ажилтнуудын хувьд 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжээ авахгүй нь гэж санаа зовох шаардлагагүй бололтой. Хэдийгэээр С.Бямбацогт гишүүн Хууль зүй дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа боловч УИХ-ын гишүүнээр ажиллахдаа энэ асуудлыг байнга анхаарч ажиллахаа илэрхийлсэн нь энэ салбарын зовлон жаргалыг сайн мэддэг хүний үйлдэл гэж салбарынхан түүнд ам сайтай байна.
Ц.Мөнх