Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг Хууль сахиулах их сургуулийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын сургууль 2012 онд нэгдсэн билээ.
Хууль сахиулах их сургуулийн Ахлагчийн сургуульд бага бүрэлдэхүүнийг, Онцгой байдлын сургуульд бакалавр, Хууль сахиулахуйн удирдлагын академид удирдлагын магистр, ахисан шатны боловсролын сургуульд гамшиг судлалын магистр, докторыг, гадаад хэлний сургалтын төвд хэлний мэргэжлээр хүний нөөцийг сурган бэлтгэж байна. Мөн 2016 оноос эхлэн Онцгой байдлын сургуулийн дэргэд эдийн засаг, улсын нөөцийн тэнхимийг байгуулаад байна.
Онцгой байдлын сургууль нь дээд боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулах, мэргэжлийн өндөр боловсрол мэдлэгтэй, төрийн тусгай албаны шилдэг албан хаагчдыг бэлтгэхийг зорин ажиллаж байна. Тийм ч учраас Онцгой байдлын салбарт 10 гаруй жил үр бүтээлтэй ажилласан, тэргүүний шилдэг албан хаагчдаа тус сургуульд багшаар томилон ажиллуулах боловсон хүчний бодлогыг барьж байгаа юм.
Тийм ч учраас Онцгой байдлын албаны анхны доктор эмэгтэй, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан онцгой байдлын дэд хурандаа Д.Сэржмядаг, ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, доктор, онцгой байдлын дэд хурандаа С.Базаррагчаа, ОБЕГ-ын Улсын нөөцийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, доктор, онцгой байдлын хурандаа Ц.Бямбарагчаа нарыг Хууль сахиулахуйн удирдлагын академи, Онцгой байдлын сургуульд дэд профессороор томилоод байна.
Онцгой байдлын албанаас төрөн гарсан докторууддаа ирээдүйн шилдэг боловсон хүчин бэлтгэх их үйлсийн замд нь өндөр амжилт хүсэн ерөөж өнөөдөр ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
Доктор, онцгой байдлын дэд хурандаа С.Базаррагчааг Онцгой байдлын албаны төлөө-1, доктор онцгой байдлын дэд хурандаа Д.Сэржмядагийг Онцгой байдлын албаны төлөө -2 зэргийн тэмдгээр шагнаж ажлын амжилт хүслээ.
Эх сурвалж:ОБЕГ