Хуралдаа ирдэггүй НИТХ-ын төлөөлөгчдөөс хариуцлага нэхье

Монголд өвөл айсуй…, энэ бол төр засгийн  илүү хариуцлагатай, хурдтай,  бодлоготой ажиллахыг шаардсан улирал, цаг үе.

Нэг сая хүн амтай нийслэл Улаанбаатар хотод өвөл хаяанд ирчихээд хаалга тогжиж байхад НИТХ-ын хурлын 45 суудлаас 34 төлөөлөгчийн суудал авч, МАН-аас сонгогдсон  төлөөлөгчид удаа дараа  НИТХ-даа ирэхгүй  байна. Тэд эрх мэдэл, амбици, намын бүлэглэл, байр суурь, хувийн ашиг сонирхолоо урдаа тавьж, өөрсдийг нь сонгосон нийслэлчүүдийн эрх ашгийг уландаа гишгэж байна.

Өвөл хэнийг ч хүлээхгүй. Нийслэлд  шийдвэрээ хүлээсэн, шил шилээ дарсан олон ажил, асуудал байсаар атал нийслэлийн парламентын төлөөлөгчид хурлаа тасалсаар…, тэр чинээгээрээ иргэдийн эрх ашгийг хохироосоор.

НИТХ-ын эхний хуралдаанаар л гэхэд Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Газар эзэмших эрх шилжүүлэх, Ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын зөвшөөрлийн хугацаа сунгах,  Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх /Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хороо, цэцэрлэгийн 3 барилга, 171 барилгын гадна шугам сүлжээ, Чингэлтэй дүүргийн 16, 17 дугаар хороо, бага сургууль цэцэрлэг, цэцэрлэгийн барилга, Ус дулаан дамжуулах төвийн барилга/ зэрэг  нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой олон асуудлууд шийдлээ хүлээсээр байна.

Уг нь бол тэд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдохдоо нийслэлчүүдийн  төлөөлөл болж, шийдвэр гаргах түвшинд ажиллана гэдгээ илэрхийлж, амлаж сонгогдсон улс. Гэтэл одоо тэднийг  хар даа. Бүлгийн болон хувийн өчүүхэн эрх ашгаа нийслэлчүүдийн нийтлэг эрх ашгийн өмнө тавиад, хуралдаа ч суухгүй тасалсаар.

Улс төрд зарчим гэж бий. Нэгэнт шийдвэр гараад, түүнийг нь олонхи нь дэмжээд явсан бол түүнээс буцах аргагүй ийм л зарчим улс төрд үйлчилдэг. Түүнээс  биш манай, танай хүн гарчлаа, тэрнийг  дэмжинэ, дэмжихгүй гэж эргэж буцсан зарчим үйлчилдэггүй.

Тэгвэл НИТХ-ын зарим  төлөөлөгчдийн бүлэглэл фракцид хэтэрхий автсан, амин хувиа хичээсэн увайгүй,  арчаагүй байдал нь Нийслэлчүүдийг бухимдуулж эхэллээ. Үүнээс шалтгаалаад МАН-д итгэх нийслэлчүүдийн итгэлийн гал бөхөж цөхрөлийн  цучил болоход ойрхон байна.

Нийслэлчүүдийн өмнө хариуцлага хүлээн сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчдийн  ийм хариуцлагагүй байдал нь нийслэл хотын хэмжээнд өвөлжилт хүндрэх нөхцлийг үүсгэж байгааг тэд анзаарах, ойлгох ухаарах сэхээтэй байна уу?

НИТХ-ын төлөөлөгчдийн дунд  улс төржилт байхыг үгүйсгэхгүй, харамсалтай нь тэдний улс төржилт хэмжээ хязгаараас хальж, нийслэлчүүдийг эрх ашгийг хохироох байдлыг үүсгэж болзошгүй хэмжээнд хүрлээ.

Тэдэнд хандаж хэлэх үг байна…,  Ард түмэн, сонгогчид та нарыг сонгож чадсан шигээ хариуцлага нэхэж, бас  буулгаж  чаддаг гэдгийг хуралдаа ирдэггүй НИТХ-ын төлөөлөгч та бүхэнд хандаж хэлэх байна.

Ц.Мөнх

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …