Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо ТББ нь “Унадаг дугуйг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулах, судалгаа хийх” зөвлөхөөр шалгарч тус тендерийн захиалагч Зам, тээврийн хөгжлийн яамны ТНБД Ж.Бат-Эрдэнэ, гүйцэтгэгч МАЗЗХолбооны Тэргүүн Н.Мөнхбаясгалан нар ажлын даалгавар болон гэрээний ерөнхий нөхцөлд 2017 оны 10 сарын 20-ны өдөр гарын үсэг зурлаа.
2012 оноос “Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо” ТББ нь нийслэл хотын өмнө тулгамдаж буй агаарын бохирдол, авто машины түгжрэлийг бууруулах, эрүүл зөв амьдралын хэвшлийг бий болгох, дэлхийн жишигт нийцсэн унадаг дугуйн замтай болгох зорилгоор Унадаг дугуйг хөгжүүлэх, унадаг дугуйн замыг хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулсаар иржээ.
2013-2015 онд унадаг дугуйн замыг хэрэгжүүлэлтийн хүрээнд Бэлхийн зам, Дүнжингаравын зам, 19-р хорооллын арын зам, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн, Зуслангийн зам, Их Монгол Улсын гудамжны зам зэрэг нийт 63.3 км дугуйн замтай болсон байна.
Мөн МАЗЗХолбоо нь 2016 онд “Авто замын байгууламж, Унадаг дугуйн замыг төлөвлөхөд тавих ерөнхий шаардлага’’ MNS5683:2016 стандартыг шинэчлэн боловсруулсан бөгөөд Зам, тээврийн яам, Байгаль Орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, Спортын яам, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нартай хамтран ажиллах 5 талт “Санамж бичиг”-ийг байгуулж, унадаг дугуйн зам, дэд бүтэц, эрх зүйн орчин зэрэг тулгамдаж буй асуудлуудад шийдэл олж хүрээлэн буй орчинд ээлтэй унадаг дугуйг хөгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.