Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болов. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар оролцож, нийслэлийн төр захиргааны 20 гаруй ажилтан, албан хаагчид шагнал гардууллаа.
Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” 4, Нийслэлийн “Тэргүүний ажилтан” 7, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 11 хүн тус тус шагнуулав. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хлтын Захирагч С.Батболд “Энэ жил нийслэлийн 378 жилийн ойг бид бүхэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Ойг тохиолдуулан нийслэлийнхээ бүтээн байгуулалтад гар бие оролцож, өөрийнхөө эрхэлсэн ажил, хөдөлмөртөө амжилт гаргасан хүмүүсийг нийслэлийн шагналаар шагнаж урамшуулж байна. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсээд сайн сайхан бүхнийг ерөөе” хэмээлээ.
“Агар оч” эмнэлгийн ажилтан Ц.Чулуунцэцэг “Нийслэлийн ойн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагнуулж байгаадаа маш их баяртай байна. Би эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил ажиллаж байна. “Агар Оч” эмнэлэгт 8 дахь жилдээ ажиллаж байгаа. Төрийнхөө ачааг үүрэлцээд ард түмнийхээ эрүүл энхийн манаанд сэтгэл зүрхээрээ ажиллаж яваадаа баяртай байдаг. Нийслэлчүүддээ эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.