Х.Баттулга:Ч.Өвгөнхүү багш маань жинхэнэ Ардын багш юм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр  Үндэсний бөх болон самбо, жудо бөхийн спортын төрөлд эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгасан шилдэг тамирчдыг бэлтгэх, монгол цэргийн бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, ур чадварыг нь ахиулах, цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж үндэсний бөхийн Харцага, Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн “Алдар” спорт хорооны ахмад багш, дасгалжуулагч Чойдорын Өвгөнхүүг  Монгол Улсын Ардын багш цолоор шагнав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ:“Монгол Улсынхаа өмнө гавьяа байгуулсан залуучууд, ахмад үеийнхэн, спортынхон, соёл, урлагийнхан, бусад салбарынхныг төрийн одон  медалиар шагнаж байна. Хийсэн бүтээсэн хүмүүсээ ингэж шагнадаг төрийн уламжлалтай.

Саяхан манай улсын томоохон байгууллага, салбарууд болох Монгол Улсад телевизийн салбар үүсэж хөгжих түүхэн замналыг эхлүүлж, Монголын Үндэсний телевиз анхны эфирээ цацсаны 50 жилийн ой, улс орны гал голомт, хөгжил дэвшлийн мөнхийн хөдөлгүүр болсон Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой, Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллага, эрдэм номын гэгээн өргөө болсон Монгол Улсын Их сургууль байгуулагдсаны болон эрүүл мэндийн салбарын өнгө төрхийг тодорхойлж ирсэн Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн үндэс суурь тавигдсаны 75 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахтай зэрэгцэн Гаалийн алба үүсэж хөгжсөний 105 жилийн ой гэсэн түүхэн ойнууд тохиосны зэрэгцээ Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, монгол түмнээ мялаан, эх оронч үзлээр үлгэрлэсэн бахдам амжилтууд мөн гарлаа.

Ой тохиож буй эдгээр салбарын түүхийг тодоор бичилцэн, улс эх орныхоо өнөөгийн хөгжил дэвшил, нэр хүндэд онцгой хувь нэмэр оруулж, бахархам амжилт гавьяа байгуулсан иргэдийнхээ хөдөлмөр алдрыг Монголын төр үнэлж, ард түмнийхээ нэрийн өмнөөс төрийн дээд цол хүртээж байна.

Монгол Улсын Их сургуулийн хөгжлийн 75 жил, түүхийн 60 жилд нь тасралтгүйгээр багшилж буй Гавьяат багш, физикийн шинжлэх ухааны гарамгай эрдэмтэн, профессор Г.Шилагарди, эрчим хүчний салбарын анхны хувийн хэвшлийг байгуулан, үндэсний томоохон бүтээн байгуулалтуудыг хийж, олон улсын чанарын стандартыг нэвтрүүлсэн Ч.Зундуй-Осор, сагсан бөмбөгийн спортын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэж байгаа “Сагсны Дамба” гэж алдаршсан, олон жил төвийн тоглогч хийж байсан, Токиогийн 2020 оны олимпод ороод байгаа өнөөгийн 3х3 төрлөөр монголчууд дэлхийд 190 дугаарт байсныг 35 дугаар байрт хүргэж огцом өсгөсөн алдартай багш, дасгалжуулагч Б.Дамба, манай залуу үеийн төлөөлөл болсон, эх оронч үзлийг залууст хүргэж байгаа бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин П.Орхон, хүүхдийн анагаах, нярай судлалаар улсдаа тэргүүлдэг, “Нярайн” хэмээх тодотголтой З.Гэрэлмаа эмч нарын зэрэг алдар хүндийн эздэдээ Ардын болон Гавьяат цол хүртээлээ. Хамт олондоо баяр хүргээрэй.

Улс орны нийгэм, эдийн засгийн ямар ч үед эдгээр гавьяатууд нийгмээ оройлон тэргүүлж, өнгөлөн гэрэлтүүлж явсан хийгээд цаашид ч үлгэрлэл манлайллыг үзүүлсээр байх болно гэдэгт итгэлтэй байна.

Энд Монгол Улсын Ардын багш Чойдорын Өвгөнхүү багшийн гавьяаг тодотгон тэмдэглэхийг хүсэж байна. Намайг хүүхэд байхад багшийн ажлаа хийж л байсан, одоог хүртэл багшийнхаа ажлыг  хийж л байгаа Монгол үндэсний бөхийн жудаг төгс энэ харцага дэлхийн дэвжээг хөдөлмөрөөрөө эзэгнэх, элгэн ардынхаа сэтгэлийн хоймрыг эзэлж, магнайг тэнийлгэх ховор хувь заяанд төржээ. Алдарт Ч.Өвгөнхүү багш маань гар дээрээсээ маш олон олимп, дэлхийн аваргууд, үндэсний бөхийн дархан аваргууд, улс, аймгийн цолтон, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчдыг төрүүлж, улс түмнийхээ золбоо хийморийг өргөж, одоо хүртэл багшилж  яваа жинхэнэ Ардын багш юм. Багшдаа баяр хүргэе.

Цаашид ч энэ эрхэм хүмүүн олон олон шавь-бахархлыг бүтээж, алдраа олимп, дэлхийн тэнгэрт мандах төрийн далбаа лугаа адил улам тод, өндөрт мандаан мөнхөлнө гэж итгэж байна.

Монгол Улсын иргэн болж төрсний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, хөдөлмөрийн амт хишигт шимтэн, хүн ард, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр, жинтэй гавьяаг байгуулж байгаа хүндэт эрхмүүд Та бүхнээр төр маань бахархаж байна.

Та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөе. Баярлалаа” гэлээ.

president.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …