Монголын үндэсний олимпийн хорооноос тодруулж буй ‘Сарын шилдэг тамирчин’ шалгаруулалтын дүн гарч, есдүгээр сарын ялагчаар Уругвай улсын нийслэл Монтевидео хотноо явагдсан шатрын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 14 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Дамбасүрэнгийн Батсүрэн санал асуулгын дүнгээр сарын шилдэг тамирчин болсон билээ.
Д.Батсүрэн нийт 53 орны 400 гаруй тамирчин оролцсон өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн Монгол улсын түүхэн дэх анхны эрэгтэй шатарчин болсон юм. 1974 оноос эхтэй энэхүү тэмцээнд домогт шатарчид болох Г.Каспаров, В.Крамник, Ю.Полгар нар түрүүлж, агуу карьерынхаа эхлэлийг тавьж байсан түүхтэй. Сонирхуулахад, Монголын эмэгтэй шатарчдаас уг тэмцээнд Д.Номин-Эрдэнэ, Д.Мөнхзул нар 10 болон 8 насны ангилалд тус бүр түрүүлж байсан ажээ.
Шалгаруулалтын 2-р байрт 3×3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн аваргаар тодорсон баг орсон бол 3-р байрт өнгөрсөн сарын шилдэг тамирчин, чөлөөт бөхийн армийн дэлхийн аварга болсон П.Орхон нэрлэгджээ.
‘Сарын шилдэг тамирчин’ шалгаруулах олон нийтийн санал асуулгад нийт 1500 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон бөгөөд спортын чиглэлээр дагнан ажиллаж буй сэтгүүлчдийн саналтай нэгтгэгдэн дүн гарсан нь энэ юм.
Сарын шилдэг тамирчинд шагнал гардуулах үйл ажиллагаа Монгол Үндэсний Олимпийн Хорооны байранд явагдсан бөгөөд улсын их хурлын гишүүн Д.Дамба-Очир, Шатрын холбооны дэд ерөнхийлөгч Б.Наранбаатар нар оролцлоо. Шагналыг Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган гардуулан өглөө.
Эх сурвалж: МҮОХ