Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” хэмээх хөшөөг байрлуулжээ.
Нийслэлийн МАН-ын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа вэ гэдгийг уншигчид та бүхэн сайн мэдэж байгаа биз. Ямартай ч авдаг цалин нь амьдралд хүрэлцдэггүй нийслэлчүүд та бид утаатай, түгжрэлтэй, уур бухимдал стресстэй амьдардаг энэ төлөв байдал 2020 онд арилах бүү хэл 2040-2050 оныг үзэх нь тодорхой байна. Ийм нөхцөл байдал дунд арга эвээ олон амьдрахыг хичээж байгаа биднийг Нийслэлийн Засаг дарга даапаалж байгаа юм шиг “Аз жаргалтай Улаанбаатарчууд” хөшөөг Сөүлийн гудамжинд босгожээ. Инээд хөөр, баяр баясгалантай алхаж байгаа гэр бүлийг дүрсэлсэн тус хөшөө нь хотын гудамжинд өнгө нэмэх хэдий ч шийдлийн хувьд үүнийг арай л нүдээ олоогүй шийдэл гэж үзэх хүмүүс олон гарчээ. Утаатай Улаанбаатарт боссон тус хөшөөний жаргалтай гэр бүлд утааны маск зүүж өгөхгүй бол угаартаад унах бий гэж сошлд хүмүүс хошигнож байна.
Мөн энэ хөшөө бооосн хэмжээний зардлаар нийслэлчүүдэд ашиг тустай өөр зүйл шийдсэн нь дээр байсан юм гэж хэлэх нэгэн байхад нэгэнт Нийслэлийн удирдлагууд нийслэлчүүдийг “аз жаргалтай” амьдруулж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон болохоор ядаж намын мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлээ хөшөө ч болов босгоод мөнхлөх хэрэгтэй байсан биз гэж хэлэх хүмүүс бас байна.
А.Бат