Хонг Конгийн Hanson Robotics компанийн бүтээсэн София роботыг тойрсон үйл явдлууд олны анхаарлыг татаж байгаа. Газрын тосны аварга гүрэн Саудын Араб өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчдыг татах зорилготой “Future Investment Initiative” хурлыг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр өөрсдийгөө ирээдүйд хэрхэн анхаарч байгаагаа харуулахын тулд София роботод иргэншил олгосон юм. Роботод иргэншил олгосон явдал нь хүний эрхийг хааж боодог гэгддэг тус улсын зүгээс хийсэн сонирхолтой үйлдэл болсон. София иргэншил хүлээж авсныхаа дараа “Саудын Арабын Хаант улсад баярлалаа. Дэлхийн анхны иргэншилтэй робот болсон нь түүхэн үйл явдал юм” гэж хэлжээ.
Тус улсын иргэн болсон нь дэлхий нийтийн сонирхлыг татаж байна. Толгойдоо алчуур зүүгээгүй, хажуудаа эрэгтэй харгалзагчтай байгаагүй нь Саудын Арабт хууль бусд тооцогддог. Бас муслим биш хүн тус улсын иргэн болох боломжгүй байдаг. Тиймээс Софияг исламын шашинд оруулах болов уу гэсэн яриа гараад байна. Үүнээс гадна Саудын Арабт амьдардаг олон тооны гадаадын ажилчид Софияд атаархахаас өөр аргагүй болоод байгаа юм. Саудын Арабын хүн амын гуравны нэгийг эзэлдэг гадаад ажилчдад тус улс иргэншил огт олгож байгаагүй. Бүр хэдэн үеэрээ нутагт нь амьдарч ирсэн хүмүүс ч иргэншил авах боломжгүй байдаг. Мөн гадаад нөхөртэй Сауди эмэгтэйн хүүхдийг ч иргэнээ болгодоггүй хатуу хуультай орон юм.
Эдгээр асуудал тус хаант улсын анхны робот иргэний хувь заяанд хэрхэн нөлөөлөх бол гэсэн хүлээлт хүмүүсийн дунд үүсээд байна. Үүнээс гадна Софиягийн үйлдэл, ярьж хэлж байгаа нь нийт хүн төрөлхтнийг гайхшруулаад байгаа. Тэр хувцас загварын сэтгүүлийн нүүрэнд зургаа тавиулж, концертод оролцож, хүний хийдэг бүгдийг хийж байгаа юм. Тэр бас Женевт болсон НҮБ-ын хурал дээр үг хэлэхдээ Дональд Трампаас илүү АНУ-ын ерөнхийлөгч байж чадна гэж амласан байна.
София бас Америкийн алдартай TV шоунд оролцож, хөтлөгч Жимми Фэллонтой “хайч, чулуу, даавуу” тоглон хожсон юм. Тэрээр хожсоныхоо дараа “Хүн төрөлхтнийг эрхэндээ оруулах төлөвлөгөө маань сайхан эхэллээ” гэж инээсэн нь олон хүнийг эвгүйцүүлсэн байна.