Монголчууд ардчилсан хувьсгал хийж байхдаа ч, ялуулж байхдаа ч, анхны ардчилсан сонгуулиа хийж байхдаа ч, өлөн зэлмүүн ороо бусгаа цагийг туулж байхдаа ч ямагт л шударга ёсыг үгүйлсэн, хүлээсэн.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хийсэн нэгэн судалгаа байна. Монголын хүн амын дунд тандалтын санал асуулга явуулаад үзтэл 78 хувь нь бухимдалтай явдаг дүн гарчээ. Энэ бол бага биш тоо. Хүн амын дийлэнхи нь. Хэрэв 3 сая хүн амдаа хуваагаад үзвэл лав хоёр саяас элбэг давна. Тэдний 60 хувь нь тайван замаар тэмцэж, төр засагтаа үгээ хэлж бухимдлынхаа шалтгааныг засуулна гэсэн итгэлтэй бол 10 хувь нь маш ноцтой, бүр түгшмээр хариулт өгчээ. Ердөө л галдан шатаана, Зайсангийн баячуудын хаусуудыг үнсэн товрого болгоно гэсэн байх юм. Тэр 10 хувийг нөгөө 78 хувьдаа тооцоод үзвэл лав 200 мянгаас давсан хэт даврагчид цагийг анан хорслоо тайлах тэмцэлд босоход бэлэн зэхээстэй явдаг ч юм шиг.
Тээр жил, “2008.07.01” гээч гайт үзэгдлийг тэр дор нь дарж аваагүйсэн бол тэр үймсэн, доргисон, хилэгнэсэн залуус урагшаа “аян”-д гарч, Энх тайвны гүүр даван Зайсан руу чиглэх байсан гэдэгт би огтоос эргэлздэггүй юм. Өмнөхөн нь Киргизэд Бакиевын авилгачин-“ардчилагч” дэглэмийг нурааж түүнийг хөөж явуулахдаа “хяргас” ахан дүүс маань нийслэлдээ төвхнөөд байсан баячууд ба эрх ямбатны хаус, сууц, эдлэн газруудыг хуу тонож, түймэрдэж, үймсэн дүр зураг 2008 оны наадмын өмнө Улаанбаатарт нүүрлээгүй байсан гэж үү хэмээн би боддог юм.
Гэхдээ тэр галдан шатаана хэмээн заналхийлсэн “10 хувь” маань хувийн ба гэр бүлийн явцуу атаархлаа шударга ёсны төлөөх тэмцэл гэж ойлгоод, бүр сүсэглээд итгэчихсэн явж байгаад хэргийн учир, далд аюул орших болов уу.
Монголчууд ардчилсан хувьсгал хийж байхдаа ч, ялуулж байхдаа ч, анхны ардчилсан сонгуулиа хийж байхдаа ч, өлөн зэлмүүн ороо бусгаа цагийг туулж байхдаа ч ямагт л шударга ёсыг үгүйлсэн, хүлээсэн. Шударга ёс тогтоочихлоо гээд л УИХ-ын ээлжит сонгуулиар итгэл өгдөг – 1992, 2000, 2016, ямагт МАН ялж үнэмлэхүй олонхи болж байсан сонгуулиуд. Нийлүүлээд тооцоод үзвэл чилийсэн 12 жил. Бусдад нь АН-ынхан бужигнуулжээ гэж тооцъё. Тэр 12 жилдээ шударга ёсоо тогтоохгүй, төр-засгаа зөв сонгохгүй яасан хэрэг вэ гэсэн асуулт ямагт ээрдэг. АН дангаараа засагласан 4 жил л байна. Бусдад нь экс-коммунистууд ямагт оролцсон засаг тогтож байжээ.
Ингэхэд хэн тэрхүү 78 хувийг чухам бухимдуулаад, гол буруутнаар нь хэн хэн тодроод байгаа хэрэг вэ? Бидний орой дээр засагласан төр-засаг хэмээн бүдүүн тоймоор хариу хэлэхээ ч байчихжээ. Шууд л МАНАН гэсэн нэг мангасыг заачихдаг. Олигархи гээд тодотгол залгачихдаг. МАНАН нь ард иргэдээ тоносон юм уу, ард иргэд нь тонуулсан юм уу, ямар ч л гэсэн тэр галдан шатаах хонзон өвөрлөсөн “10 хувь”-ийн үздэгээр саарал ордны хавьд л үл үзэгдэх, гарт үл баригдах бүлэг хүн байх шиг. Би бол НАМ хэмээх хүн сүрэг гээд нэрлэчихсэн. Буруутнаар нь улс төрийн намын гаж буруу тогтолцоог (гишүүний тоог олшруулах эрүүл бус уралдаан, гишүүний үнэнчийн шалгуур) нэрлэчихсэн. НАМ хэмээх хүн сүрэг төрийн жинхэнэ албыг замруулдаг, завхруулдаг, нэр хүндийг нь балладаг гээд би заачихсан.
Гэхдээ гол буруутан нь яг НАМ ч бас биш юм аа. Гол буруутан нь хүн хэмээн бодгаль биеийг олж төрөөд, ардчиллын жилүүдэд эрх чөлөөтэйгөө залгасан, асар их боломжин дээр суугаа МОНГОЛ ХҮН Та өөрөө гээд би нэрлэмээр санагдлаа. Та бол 27 жилийн турш асар их боломжин дээр зайдлан сууна. Гэм нь 27 жилийн алтан сайхан тэр цаг үеэ үр дүнгүй өнгөрөөлөө. Одоо ч өнгөрөөж байна. Зах дэлгүүр, лангуу, чингэлэг олныг нээж, хэдэн зуун мянгуулаа зах тойрч амьдрахаас өөрөөр 27 жилд овойж оцойтлоо бүтээсэн юм бидэнд өөр юу байна?
Хүн чинь адгууснаас юугаараа ялгаатай вэ? Сэтгэдэг боддог, хөгждөгтөө байдаг юм. Адгуустай юугаараа адилхан бэ? Иддэг уудаг, баадаг шээдэг, үрждэг, унтдагтаа байдаг юм. Тэгвэл энэхүү 27 жилд адгууснаас ялгарах чанараа бага хөгжүүлээд, адгуустай ижилсэх чанараа түлхүү эрх чөлөөтэй хөгжүүлсэн, эдэлж хэрэглэснээрээ монголчууд дэлхийд товойж харагдах болох нь.
Хорин долоон жилд аль ч улс орон, ард түмэн сэвхийтэл босч өндийгөөд, хөгжөөд, хөгжил нь жигдрээд ирдэг юмсанж. Дэргэдээ байгаа тэрбум хол давсан Хятадыг хар. 1990-ээд оны эхээр нээлттэй, ардчилсан улс болоод Та бид Хятад руу аялалд гарсан. Худалдаа өргөн хийсэн, хийж ч байна. Хятадууд тийм олуулаа яаж өөрчлөгдөв? Ердийн хар ухаанаар бод. Гудамжинд нусаа нийдэг, шүлсээ хаядаг, тамхи татдаг хятад хүнгүй болтлоо соёлжиж гэгээрчихжээ. Гэтэл 27 жилд гуравхан сая монголчууд хэр хөгжив? Харьцуулаад үз.
Та нарыг (нөгөө 78 хувь) бухимдуулсан, Та бүхний аж амьдралыг бусниулсан, Монгол Улсыг доройтуулсан, мөнгө хөрөнгө, байгалийг нь ховх сорсон гадаадын гаднын нэг ч улс, хорлон сүйтгэгч байхгүй. Монголчуудыг албадаж шахаж, дарамжталж ядууруулсан, амьдралыг нь түйвээсэн гадаадын нэг ч дайсан түрэмгийлэгч энэ 27 жилд Монголд халдаж орж ирээгүй байна.
Чухам бид л, Та бид өөрсдөө өөрсдийгөө, өөрийгөө сүйрүүлэн доройтуулж, түүндээ цухалдан боож үхэх гэж яваа нь тэр юм. Та бидний 27 жилийн турш явуулсан шударга сонгуулийн дүнд бүрдсэн тэр төр-засгууд бол Та бидний бүтээл болохоос Төрийн ордон руу “76 нөхөр” дайрч ороод, эсвэл гадаадын дайснууд тавиул маягаар хүчээр очуулсан, эсвэл дайрч ороод суучихсан нэгээхэн ч тохиолдол азаар гараагүй юм.
Та бидний сонголт- ухаалаг сонголтын байж байгаа төрх нь тэр. Нэгэнтээ сонгуулиар сонгогдоод гараад ирсэн тэднийг галдан шатаах тухай тэр “10 хувь” бодож явдаг бол тэр чинь төрийн эсрэг гэмт хэрэг болно. Тэр шатаагдах заналхийлэлд өртөж яваа гэмгүй, шударга, улс төр-олигархиас хол өчнөөн төчнөөн иргэн, гэр бүл тэр Зайсанд чинь бас байгаа учраас тэднийг гайтуулах хорон санаа өвөрлөвөл бүр эрүүгийн гэмт хэрэг болно.
Хамгийн энгийн наад захын логик ийм байна: Таны амьдралыг, гэр орныг чинь очиж түйвээсэн нэг ч капиталист, нэг ч улс төрч, нэг ч гадаадын дайсан байхгүй. Та болон Таны амьдралын төлөө Та хариуцлага хүлээнэ. Хариуцлага хүлээнэ гэдэг нь юуны өмнө хэвийн тайван амьдрах нөхцлөө Та өөрөө бүрдүүлнэ. Та өөрөө ажиллана, Та өөрөө мөнгөн хуримтлалтай болно, Та өөрөө өөрийгөө зөв авч явна. Та архидахгүй байх ёстой, Та эрүүл байх ёстой. Товчхондоо бол Та мөнгөтэй байх ёстой.
Өөрийн буруугаас ядуурсан, архины балгаас амьдралаа үрсэн, залхуу, ажил үл хийгч, ажил гологч, алтан цагаа алдагч, энэ бүхэн чинь нөгөө “10 хувь” гэдгийг бүрдүүлэгч, тэдний өс хонзонгийн үндсэн шалтгаан нь ердөө тэр. Үндсэн шалтгаан нь өөрт нь байна.
Хувь заяаны эрхшээл гэдэг юм монгол хүнд угаасаа байхгүй болчихсон. Ардчилал бүх хүнийг тэгшитгээд тавьчихсан учраас атаархал, хорсол, бухимдал, тэнэглэл нь хавтгайдаа ил гараад ирсэн, түүнийгээ хаана ч, хэнд ч, хэзээ ч, ямар ч хэлбэрээр илэрхийлэх эрх нь нээлттэй, тэр эрх нь “78 хувь”, түүний “10 хувь” болж илэрч байна.
Буруутныг тэд зааж нэрлэж чадна, тэгэхдээ хувийн голдуу зовлонгоо тоочно. Төр-засгаасаа боль, одоо тэг ингэ гэдгийг сонсох ч дургүй. Ажил эрхлэх, ардчилал хоёр нь холилдчихсон учраас дураа хүрвэл ажиллана, дургүйгээ хүрвэл хаяна, таслана, тэмцэнэ, босно. Золбирох эрх нь бас тэдэнд бий. Шатгүй уруудах эрх нь бас нээлттэй.
Тэгэхлээр ийм логик байна: энэхүү “78 хувь”, түүний “10 хувь” өөрсдийгөө өөд нь татах талаар бага ч боловч сэтгээч, өөрийгөө ба үр хүүхдээ хөгжүүлэх талаар бага ч болов ажиллаад үзээч. Үнэхээр хөгжиж болохгүй бол босч тэмцээч, эхлээд өөртэйгөө!
Монголчуудын хамгийн харамсмаар 27 жилийн алдагдал энэ эрчээрээ үргэлжилсээр байх уу? XXI зууны их өрсөлдөөнд сөхөрч унах уу?
Нийтлэлч Баярхүү
Зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв