АНУ-ын Конгресс Цагаачлалын хууль батлах тухай асуудал яригдаж эхэллээ. Өөрөөр хэлбэл 2011 оны 11 дүгээр сараас өмнө АНУ-д очсон цагаач иргэдэд ногоон карт олгох асуудлыг АНУ-ын Сенат хэлэлцэж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас АНУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын дунд судалгаа явуулжээ. Албан бус тоогоор 20 мянга гаруй монголчууд тус улсад амьдарч байгаа гэсэн тооцоо гарсан байна. Эдгээрээс 4000 орчим нь Америкт амьдрах албан ёсны эрхтэй буюу ногоон карттай, мөн 4000 гаруй нь оюутны визтэй, харин үлдсэн буюу 17 мянга орчим монголчууд хууль бусаар оршин сууж байгаа цагаач иргэд аж. Монгол иргэдийн дийлэнх нь жуулчны визээр тухайн улсад очоод харлаж үлдсэн байдаг байна. Энэ талаар Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Алтангэрэлээс тодрууллаа.
АНУ-ын Конгресс Цагаачлалын хууль батлах тухай асуудал яригдаж эхэллээ. Үүнийг хэзээ хэлэлцэх бол?
Конгресс энэ 9 сард намрын чуулган эхэлсний дараа ногоон карт олгох асуудлыг хэлэлцэх ёстой. Энэ хуулийн заалтаар бол 2011 оны 11 дүгээр сараас өмнө АНУ-д орж ирсэн 11 сая орчим цагаач иргэдийн асуудлыг шийдэж, ногоон карт олгох юм.
Хэрэв хууль батлагдвал АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монголын цагаач иргэдэд материаллаг талаасаа таатай зүйл болох юм байна даа?
Тийм ээ. Энэ нь АНУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдэд чухал зүйл болох юм. Конгресс энэ хуулийг батална гэдэгт бид их найдаж байгаа. Хэрэв батлагдвал манай улсын олон мянган иргэд хууль ёсны статустай болж, ажил эрхлэх, зээл авах боломж нь нээгдэнэ. Ингэснээрээ ахуй амьдрал нь дээшлэхээс гадна мэдлэг мэргэжлээ дээшлүүлж, хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт хамруулж, төлбөрийг нь төлөх бололцоотой болох юм.
Ногоон карт олгоход шалгуур тавьж байгаа юу?
Шалгуур тавьж байгаа. Тухайлбал хууль бус цагаач мөртлөө ноцтой гэмт хэрэг үйлдсэн, түүнд оролцож шийтгэгдэж байсан, шүүхээр шийтгэгдсэн иргэд ногоон карт олголтонд хамрагдахгүй. Мөн төрөл бүрийн зөрчил гаргаж цагдаагийн байгууллагад 5-аас дээш удаа бүртгэгдсэн хүмүүст ногоон карт олгох эсэх асуудал эргэлзээтэй болж, тусад нь судалж шийдэх заалтууд байгаа. 5-аас дээш удаа бүртгэгдсэн гэсний тухайд манай иргэд ихэвчлэн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж цагдаад бүртгэгдсэн байдаг юм билээ.
эх сурвалж: аравт.мн