Монгол улсын СГЗ, ОУ-ын сэтгүүлч, улс төрийн тоймч Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан хэргээр шалгагдаж буй. Одоогоор эрүүгийн хэрэг үүссэн бөгөөд 74 настай сэтгүүлч Б.Дашзэвэгийг өнгөрсөн баасан гаригаас эхлэн хорьсон байна. Прокурорын байгууллагаас түүнийг нэг сар баривчлах саналаа шүүхэд ирүүлсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг өнгөрсөн баасан гаригаас эхлэн нэг сар хорих шийдвэр гаргасан. Энэ мэдээлэл цацагдсанаар олон хүнийг гайхшруулж бас дургүйцүүлэв. Үүний нэг нь яруу найрагч Р.Эмүжин цахим хуудастаа эл хэргийн талаар бодлоо хуваалцжээ.
Тэрбээр ” Хайрлаж болоогүй юм уу? Хэвлэлийн салбарт хагас зуун жил ажиллаж амьдарсан энэ эрхэмтэй нэг жилийн дотор гурван удаа уулзжээ. Ах нь ТВ8-д тоймч хийж байгаа гээд хүүхэд шиг хөөрчихсөн явж байсныг нь мэдэх юм. Харин өнгөрсөн хавар хүнсний дэлгүүрийн үүдэнд тааралдаад ” Сэтгүүлзүйн салбарт 50 жил ажилласныхаа ойг тэмдэглэнэ, үзэсгэлэн гаргана, ирээрэй” хэмээгээд урилга гардуулав. Угийн сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, романтик хүн, нас дээр гараад улам л цайлган, хөөрүү болчихсон ч юм шиг. За гурав дахь удаагаа их зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойд бидний 30 гаруй зохиолч, сэтгүүлч хамтдаа оролцсон. Алтайд шинэхэн баригдсан “Ентүм” зочид буудалд холын зочид байрлаж, холгүйхэн байх “Амар” нэртэй буудалд мань мэтийн дарснаас хол, дажингаас хөндий ганц нэг хүн тухалсан юм даг. Нэг өглөө 08:30 минутын үед “Ентүм”-ийн хаалгаар яваад ортол Дашзэвэг гуай цав цагаан дотуур өмд ч юм уу гэмээр богино шорттой цахилгаан шат руу орж байхыг хальт харчихлаа.
Арайтай л цочоод унасангүй. Нүдэндээ ч итгээгүй гэхэд болно. Тэр чинь есдүгээр сарын сүүлийн өдрүүд шүү дээ. Буудлын үүдний хэсэгт сууж байсан хүмүүс, угтан авагчид бүгд л харсан. “Та нар ч сонин зочидтой, үзэж харах юм ихтэй л суугаа юм байна” хэмээн зохион байгуулж буй улсад хошигнон хэлээд би цайндаа орсон юм даг. Маргааш орой нь болсон уулзалт цэнгүүн, яруу найргийн наадмын үеэр Дашзэвэг гуай юм юмны урдуур ухалзаж, арга хэмжээг хөтлөсөн Равдан гуай, Гантигмаа хоёртой микрофон булаалдах шахам тайзан дээр хоёр ч удаа гарсан юм даг. Санаа нь дуугаа дуулчих гээд байх шиг. Гэтэл шүлэг унших яруу найрагчид эгнээстэй. Уг нь мань эр өөрийнхөө ээлжинд шүлэг хэлсэн боловч дэгэлзээд, тайзны урдуур хойгуур гүйгээд нэг л биш ээ. “Цаадахыг чинь тайзан дээр дахин гаргаад дэмий байх, одоо болно” гэлцэн шивнэлдсэн улс ч бий. Гэвч нэг л чөлөөнд нь микрофон авч амжсан Дашзэвэг гуай алга дарам үрчийсэн цаас барьчихсан “Намайг хүмүүс дуугаа дуул гээд байна” гэчихсэн цангинуулж зогссон. Тэр бол маш сайн сэтгүүлч. Олон улсын тоймч. Олон ч сайхан шавьтай.
Сэтгүүлзүйн салбарын хагас зууны түүх болсон хүн. Хүн янз бүрээр өтөлдөг. Зарим нь идэхийн хэнхэг тусна. Нөгөө нэг нь уйлхай болно. Бас нэг хэсэг нь магтуулахын донгоор өвчилнө. Өөр нэг нь ухаанаа алдаад, харгалзагчгүй л бол хаа сайгүй тэнэнэ. Гэвч үр хүүхэд нь болсон бид хөөрхий хөгшиддөө цаг зарцуулах нь бага. Бараг л юунд гомдож, юунд баярладгийг нь анзаарахгүй шахам ажил амьдралаа хөөцгөөнө. Магадгүй Дашзэвэг гуай шиг оюуны өндөр ачаалалтай насаараа ажилласан хүн эрүүл сэтгэхүйгээ алдаж, тархи оюуны чагтага алдуурна гээч болсон байхыг үгүйсгэхгүй. Оюуны асар их ачаалал дунд өнгөрөөсөн хагас зуун жил нь түүнийг, эсвэл эдүгээ зүтгэж яваа биднийг өтлөхийн цагт хэрхэн сүйдлэхийг хэн мэдэх юм бэ. Би юу гэх гээд байна вэ гэхээр үр хүүхэд нь хөөрхий 74 настай аавынхаа сэтгэцийг шалгуулаад эмнэлэгт эртхэн үзүүлчихгүй яасан юм бол гэж бодогдоод байх юм.
Нарийн шинжлээтэхвэл яавч Дашзэвэг гуайгаас гарахгүй үйлдэл, араншин яагаад түүнээс илэрч байсны учрыг тайлах л байх. Харамсалтай нь манайд энэ салбар муу хөгжиж дээ. Аавынхаа бүтээсэн, босгосон бүхнийг, алдар хүндийг нь, нэр төрийг нь, удмынхаа хойч үе, үр хүүхдэд үлдэх хүндлэлийг нь бодож яагаад болоогүй юм бол? Яагаад энэ талаас нь эргэцүүлж, Монголын сэтгүүлзүй, олон улсын харилцаанд оруулсан хувь нэмэр, насаараа зүтгэсэн хөдөлмөр, өтөлсөн хойноо ч хэвлэлийн тайзнаас бууж чадахгүй байгаа итгэл үнэмшил, үр хүүхэд шавь нарт нь үлдэх энэ хүний өгөөж, хайрыг хайрлаагүй юм бол? Хэрэв сэтгэлзүйн өөрчлөлтийг нь эрт мэдсэн бол асуудал үүндээ тулахгүй байв. Учраа мэдэхгүй жаахан охин ч хохирохгүй байв. Ядаж хэдэн найзаас нь асуучихсан бол яагаад уудаггүй байж уучихсан юм шиг аяглаад , уралдааны морь шиг ухалзаад байх болсных нь учрыг нотлоод хэлээд өгөх л байсан. Хэтэрхий гэмээр соёлтой харилцаатай, дипломат шахам зантай хүн гэдгийг нь олон хүн мэднэ.
Оюун ухаан нь орж гараад байсан ч насан туршийн сурцаараа биеэ аваад яваад байх магадлал өндөр. Яагаад аавынхаа гэсэн бүхнийг, аавыгаа хайрлаагүй юм бол? Яагаад ээжийнхээ сэтгэлийг хайрлаагүй юм бол? Үр хүүхэд л чирэгдэж дуусав. Миний бодлоор тэр сэтгэцийн хувьд эрүүл бус байсан…эмчид эрт хандах хэрэгтэй байсан…хэдхэн минут зарцуулаад ярилцаад тандсан бол мэдэгдэх л байсан…өөрөөр ийм байх учиргүй. Ингэж л бодогдоод байна…бид ч бас өтөлнө, аймаар ч юм даа. Хэрэв үр хүүхэд маань л харж хямгадахгүй бол хэн хэрхэн өтлөхийг хэн мэднэ” хэмээн бичжээ.