Найзууд маань тийшээ явчихаад эргэж ирэхгүй болохоор нь би жаахан айдаг байсан…
Ээж ээ? Би уг нь таныг намайг анх дуудахад диваажингийн цэцэрлэгийн солонгын өнгөт хивсэн дээр соно бялзуухайнуудтай хамт тоглож, сахиусан тэнгэрүүдийн хайрын дуунд баясанхан бүжиглэж байсан юм. Гэтэл гэнэт урьд хожид сонсогдоогүй намуухан хоолой “Миний хүү…” хэмээн дуудах нь тэр. Тэрхүү уянгалаг хоолойг сонссон сахиусан тэнгэрүүд дуулалдахаа азнан чагнахад далай давалгаагаа хумин бодолд дарагдсан билээ. Миний явах цаг ирж”. Би дэлхийн хүн болох нь.
Нэг дэх долоо хоног: Ээж ээ? Та минь ямар дулаахан юм бэ. Диваажингийн цэцэрлэгт үүлэн орон дээр нараар хучууланхан нойрсдог боловч таны хэвлий шиг ийм дотно, ийм тухтай байсангүй. Та мэдэх үү? Би таны хүүхэд болохын тулд их хичээсэн. Сургуульдаа онц сурч, бурхдын үгэнд сайн орсон. Бас хэзээ ч нисдэг морьд шиг дэггүйтэж, шидтэнүүд шиг оддын хооронд зугаалдаггүй байсан. Та намайг хүлээж байсан уу? Би ч бас таныг зөндөө хүлээсэн. Багш хэлэхдээ зөвхөн сайн сурагчдад л дэлхийн хүүхэд болох шагнал олгодог гэсэн.
Найзууд маань тийшээ явчихаад эргэж ирэхгүй болохоор нь би жаахан айдаг байсан. Сайхан байдаг болохоор л ирэхийг хүсдэггүй байсан юм байна л даа. Та намайг аймхай хулчгар хүүхэд байна гэж битгий бодоорой. Би зоригтой жаал шүү. Хамгийн сүүлийн жишээ гэхэд би марал бугыг унан, долоон бурхан өвөөгийнх рүү гал авахаар ганцаараа давхисан юм. Ээж ээ? Би хэтэрхий их яриад байна уу? Намайг бүгд л тэгдэг юм. Cap эгч хүртэл надаас залхаад өдрийн турш нүүрээ буруулдаг. Шөнө харин би унтчихдаг болохоор сайхан эгч маань гэгээн мишээлээр үзэсгэлэнт царайгаа гоёдог юм. Тантайгаа байх ямар сайхан юм бэ, ээжээ…
Дөрөв дэх долоо хоног: Ээж ээ? Би сая зүүдэллээ. Эсвэл бүгдийг эргэн саналаа. Нэгэн цагт та минь уулыг уултай холбосон урсгал дөлгөөн их мөрөн байснаа санаж байна уу? Тэр үед би таны их уснаас эх авсан хоржигноонт бяцхан горхи байж билээ. Нэгэн цагт та минь анхилуун үнэрээ аглаг тайгадаа түгээсэн мөнхийн ногоон хуш мод байснаа санаж байна уу? Тэр үед мөчрийг тань дамжин дүүлэх бүлтгэр жаахан хэрэм нь би байсан юм. Нэгэн цагт та минь хараад сүрдэм байц хад байснаа санаж байна уу? Энгэрийг тань түшин бараадсан хэдэн хөх чулууны нэг нь би билээ. Тэгэхээр та бид хоёр мянган жилийн ерөөлтэй байгаа биз. Таныхаа урсгал их мөрөн мэт саруул оюунаас үр чинь ухаан нэмнэ, мөнхийн ногоон хуш мэт гандашгүй гоо үзэсгэлэнгээс чинь зүс нэмнэ, байц хад мэт бат суурьтай хүмүүжлээс тань мэдлэг нэмнэ. Ээж ээ? Би таныг ядраагаад байна уу? Та минь сүүлийн үед нэг л дуу муутай болчихлоо…
Долоо дахь долоо хоног: Ээж ээ? Та битгий уйл аа. Би өдрөөс өдөрт том болж, таныг өвтгөж байгаагаа мэдэж байна. Таныг уйлахаар би ч бас уйлаад байна. Та бид хоёрыг уйлахаар таны хайраар цалгилдаг, миний ханатлаа сэлдэг энэ далай шорвог болоод байна. Шорвог болохоор үр чинь амьсгалж чадахгүй тийчлээд байна. Намайг тийчлэхээр та минь өвдөөд байна шүү дээ…
Ес дэх долоо хоног: Ээж ээ? Та аавд хайртай юу? Би лав аавдаа хайртай. Харин аав минь над хайргүй бололтой. Аав яагаад “Наадхаа авахуулсан нь дээр дээ. Бие чинь дийлэхгүй. Тэгээд ч сургууль соёлоо төгсөж, ажил амьдралтай болсныхоо дараа хүүхдийн тухай бодсон нь дээр” гээд байгаа юм бол? Эгээл би энд огт байхгүй юм шиг ярих юм. Ааваа, би энд байна! Хүү чинь таныг сонсож байна. Хожмоо тантай усны дусал мэт адилхан гэж найзуудын чинь өхөөрдөх, хөлд орох гэж яваад таны гуталд тээглэн бүдэрч сүрхий сорвитой үлдэх, тэр сорвийг нь нэгэн үзмэрч “Сайн цагийг авчрах төрийн түшээ, их гэгээнтэн бор өргөөнд заларчээ” хэмээн өлмийнөөс нь адис авах, ээжийн залуугийн төрхийг санагдуулам сайхан охин дагуулан ирж гал голомтоо бадраах, хорвоогийн жамаар хадан гэртээ буцах болоход хөлийг тань хучин асрах ганц үр би тандаа учирлаж байна. Би эндээс явмааргүй байна. Ээжээ над туслаач!
Арван хоёр дахь долоо хоног: Ээжээ, Танд хэцүү байна уу? Над аль хэдийн эм тарианы үнэр үнэртээд эхэлчихсэн. Сувилагчийн зандрангуй “гутлаа тайл” гэхийг сонсоод ч цочирдоогүй. Би зөн совингоороо ямар аймшигтай зүйл та бид хоёрыг хүлээж байгааг мэдчихсэн. Тиймээс намайг битгий энхрийл, надаас бүү уучлалт гуй. Хэвлий дээрээ тавьсан гар тань ийм дулаахан байхад таны минь сэтгэл яагаад тийм хүйтэн болчихов оо. Ээж ээ! Tа үүнийг хүсээгүй тиймээ! Би танаас холдмооргүй байна. Хүү нь шөнө уйлж таныг сэрээж байхгүй, айлын хүүхдүүдийг шоглож, нүүрийг тань улалзуулахгүй. Муу сурч чихийг тань халууцуулахгүй. Өвдөж, гэмтэж, бэртэж, өр нимгэн сэтгэлийг тань чилээхгүй. Би сайн хүүхэд байнаа ээжээ! Ээжээ би айгаад байна аа! Ээжээ би даараад байна аа. Битгий…
Эхийн хөх ивлэж, сүү нь асгарч эхэллээ. Хөх нь ивлэхтэй зэрэгцэн нулимс нь бас урсав. Миний хүү, хөөрхий үр минь … Эх нүдээ анина. Хоосон, өнгөгүй… Хэвлий дотор нь одоо нэг бяцхан амь хөдлөхгүй. Тэгж бодохтой зэрэгцэн бүр ч хов хоосон утгагүй санагдана. Гэтэл хоосон дундаас нэгэн эрх балчир хоолой ийн цангинуулав: “Ээжээ, би таны уургийг амлаагүй, энгэрт чинь тэврүүлээгүй ч бурхнаас заяасан үр тань билээ. Гологдсон үрсэд эргэж очих газар диваажинд олддоггүй юм. Гэхдээ сахиусан тэнгэрүүд таны цагаан сүү урсахыг үзээд, намайг гэсэн хайр тань буйг хараад өршөөн нигүүлсэв, биднийг. Би гэртээ ирэв. Та гэртээ үлдэв. Гэвч бидний уулзах тавилан энэ насанд үл үлдэв” Цангинасан хоолой замхрав. Эх цөхрөн хашгирлаа. Дуу үл гарна…
Эх сурвалж: Mommy central цахим хуудас