Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2017.11.09/ “Монголын 3х3 Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг”-ийн тамирчид, дасгалжуулагч, холбооны удирдлага болон Монголын пауэрлифтингийн тамирчин Б.Чимэдцэрэн нарыг өрөөндөө хүлээн авч уулзлаа.
Пауэрлифтингийн тамирчин Батаагийн Чимэдцэрэн Филиппин улсад болсон Хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Хүндийг өргөлтийн төрөлд дэлхийн рекордыг эзэмшигч анхны Монгол тамирчин юм. Тэрээр 120кг-ийн жинд 3 удаа хүндийг өргөхдөө хоёрт нь дэлхийн рекордыг эвдэж, өөрийн жиндээ 392,5 кг-ыг шахаж одоо дэлхийн рекордыг эзэмшиж байна.
Монгол эр хүний бахархал энэхүү онцлог спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, шинээр хичээллэж байгаа иргэдэд итгэл найдвар төрүүлж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн давцанд гаргаж байгаад Б.Чимэдцэрэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийлээд спортын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүслээ
Сагсан бөмбөгийн тамирчдын амжилт сүүлийн жилүүдэд огцом сайжирч байгааг Ерөнхий сайд онцлоод багийн спортын төрөлд Дэлхийн аварга болсон нь ихээхэн амжилт. Улам сайжруулж олимпоос медаль авч ирэхыг ерөөлөө. Тэрээр “Сагсан бөмбөгийн 3х3” төрөл нь 2020 оноос олимпын төрөл болсон нь Монголчууд бидэнд Токиогийн олимпоос медаль авч чадна гэдэг итгэлийг төрүүлж байна. Та бүгдийг чадна ч гэж харж байна гэлээ. Сагсан бөмбөгчид Монгол Улсын Ерөнхий сайдтай багийнхаа амжилт болон зорилго, мөн бэрхшээлийн талаар илэн далангуй нээлттэй ярилцлаа.
Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн хувьд чансаагаараа дэлхийн улс орнуудаас 192-оос 160 гаруй байраар урагшилж 28 дугаарт эрэмблэгдэх болсон байна. Энэ нь сүүлийн жилүүдэд багаараа гаргаж буй амжилт тамирчдын хичээл зүтгэл. Филиппин улсын Манила хотод ирэх онд болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох дэлхийн 20 улсын нэг болсон. Дэлхийн Шилдэг багуудын эхний 8-д эрэмбэлэгдэх болсон зэрэг мэдээллийг өглөө.
Монгол Улсын Ерөнхий сайд баг тамирчдад цаашдын тэмцээнүүдэд нь амжилт хүсээд, Монгол Улсынхаа нэрийг багийн спортын төрөлд улам өндөрт өргөж, ард түмнээ баярлуулж яваарай гэлээ
“3х3” Дэлхийн мэргэжлийн лигийн тэмцээний шилдэг багуудын нэг “Улаанбаатар Хангарьд” Дэлхийн оюутны лигийн аварга залуучуудын шигшээ багийн тамирчдын төлөөлөл, Монголын 3х3 Сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч, удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайдад 30 номерийн Шигшээ багийн тамирчны өмсгөл болон бөмбөгийг бэлэглэсэн юм. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нйиттэй харилцах хэлтсээс мэдээллээ