Монголын кино урлагийн алтан хуудас болсон “Мандхай цэцэн” түүхэн уран сайхны киноны зохиолыг бичсэн Төрийн хошой шагналт, академич, доктор Ш.Нацагдоржийн 95 насны ой 9-р сарын 17-нд тохиож байна. Ш.Нацагдорж 1970-аад оны эхээр анх энэ гайхамшигт киноны зохиолоо бичиж анд нөхөр нэрт найруулагч Д.Жигжидийн хамт кино бүтээхээр зориг шулууджээ. Анхандаа төрийн их хатан сайн Мандухай хэмээн алдаршсан гайхамшигт монгол эмэгтэйн тухай түүхэн киноны ажлыг сайд дарга нар дэмжиж байснаа МАХН-ын Төв хорооноос киноны ажлыг зогсоох шийдвэр гарчээ. Тиймээс зохиолоо роман болгон бичсэнээр 1981 онд “Мандхай цэцэн” роман хэвлэгдсэн түүхтэй ажээ. Хожим нь Москвад өрнөсөн өөрчлөн байгуулалтын үр дүнд улстөрийн дулаарал эхэлсний ачаар 1988 онд их эрдэмтэн, зохиолчийн хүсэл биелж “Мандхай цэцэн” кино дэлгэцэнд амилсан түүхтэй.
Академич Ш.Нацагдорж нь эх оронч, Манжийн дарлалын эсрэг тэмцэгч Чингүнжав ван, Амарсанаа баатрын тухай “Болор толь”хэмээх сайхан роман бичсэнээс гадна “Хонгорзул,”, “Сугаавадын орон”, “Ононгийн цалгиа” зэрэг ихэвчлэн түүхэн зохиолууд олныг бичиж уншигчдын талархал хүлээжээ.
Тэрээр Монголын түүхийн чиглэлээр олон даацтай судалгаа хийсний дунд “Халхын түүх”,” Чингис хааны түүх”, “Хубилай цэцэн” зэрэг томоохон бүтээлүүд бий. Түүнчлэн Ш.Нацагдорж “Монголын түүхийн нэгэн боть”, “Монголын түүхийн гурван боть”, “Монголын түүхийн таван боть” зэрэг хамтын томоохон бүтээлд зохиогч редактороор ажилласан манай нэртэй түүхч эрдэмтэн билээ.
Уран зохиол, түүхийн хос морьтон Ш.Нацагдорж агсан “Мандхай цэцэн”-ээс гадна “Ичээнд нь “ уран сайхны кино бичсэн нь алтан үеийн киноны тоонд оржээ.
“Аавын бичсэн “Мандхай цэцэн” романыг 1981 онд хэвлэгдэхэд нь уншигч олон ихэд сонирхон хүлээж авсан боловч улстөрийн хүрээнд ямар их матаас хэл ам дагуулсныг хэлэх юун” хэмээн Ш.Нацагдорж агсны охин түүхийн ухааны доктор Н.Ариунгуа саяхан дахин хэвлэгдсэн “Мандхай цэцэн” романы өмнөтгөлд бичжээ. Энэ бүтээлээ бичсэнийх нь дараа их эрдэмтэн зохиолчийг “үндэсний үзэлтэн” гэсэн малгай өмсгөж, НАХЯ-нд дуудан байцаалт авч, гадаадын тагнуул гэх мэтээр гүтгэж байснаас тэрээр хоёр удаа зүрхний шигдээсээр өвдөж байсан гэдэг.
Сонирхолтой нь Төрийн шагналт зохиолч Д.Намдаг “Цаг төрийн үймээн” романыхаа баатар Балданцэрэн гүнгийн дүрийг нь гурван үеэрээ Их Хүрээнд бичгийн түшмэд асан Ш.Нацагдоржийн аавын амьдралаас сэдэвлэн бичсэн гэдэг.