Сонирхогчдын боксын Олимп, дэлхийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаанаа энэ сарын 18-нд хийх гэж байна. Тэрбээр KING TUG хэмээх дэвжээний нэртэй тулалддаг бөгөөд мэргэжлийн бокст есөн тулаан хийж, бүгдэд нь КО буюу өрсөлдөгчөө нокаутаар ялаад байгаа билээ. Энэ удаад Филиппиний боксчин Хармонито Дела Торретэй учраа таарлаа. Түүний өрсөлдөгч болох 23 настай “Алх” хочит боксчин нь АНУ-ын Флорида мужийн Майами хотноо суурин амьдарч бэлтгэл сургуулиа базаадаг бөгөөд мэргэжлийн рингэнд таван жил хүч үзэхдээ 19 тулаан хийж , нэг ч ялагдаагүй боксчин юм.
Учраа ийнхүү улам чангарсан ч Н.Төгсцогт өөрийн болон өрсөлдөгчийнхөө давуу, сул талуудыг зөв тооцоолон Монгол “ хаан ухаанаар” филиппин “Hammer” -“Алх”-ыг ялна гэдэгт дэмжигчид нь бүрэн итгэлтэй байна. Одоогоор бэлтгэлээ улам бүр базааж жиндээ ороход хоёр кг орчим хасна гэв. Тулаан мэргэжлийн боксын дэлхийн “өлгий” болсон АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо The Cosmopolitan цогцолборт болох юм.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа Эрчимтэй бэлтгэл дууслаа. Лас-Вегаст очиж тулалдах л үлдлээ. Сувгаа Bounce телевиз дээр тааруулахаа мартав аа” хэмээн бичжээ.