2013 оны чөлөөт бөхийн ДАШТ-ний дүн

Энэ сарын  15-нд Унгар улсын нийслэл Будапешт хотын “Papp Laszlo Sportarena” спортын цогцолборт сонгомол барилдаан, эрэгтэй эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд эхэлсэн билээ.

Эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 55, 66, 96 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 3 бөх дэвжээнд гарснаас “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Г.Мандахнаран 66 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж 2007 оноос хойш медаль хүлээж байсан эрэгтэй чөлөөт бөх хөгжөөн дэмжигчдийн цангааг 6 жилийн дараа тайлж дасгалжуулагч багш нар, үзэгчдээ баярлуулав.

2010 онд Гуанжоу хотод болсон Азийн наадамд урамтай сайхан барилдаж алтан медаль хүртэж үзэгчдийн анхааралд орсон Г.Мандахнарангаас бөхийн хорхойтнууд өндөр амжилтыг олон жил тэвчээртэй хүлээж байсан юм. 2011 онд Турк улсад ДАШТ-нд хоёрдугаар тойргоос хасагдаж олимпийн наадамд оролцох эрх ч авч чадаагүй өнгөрсөн ч хөгжөөн дэмжигчид түүнд итгэж найдсаар байсан юм. Тэр итгэлийг дааж ДАШТ-ний медаль хүртэж бөх гэдэг нэрийг жинхэнээр нь зүүлээ. Тэрбээр ДАШТ-нээс манай эрэгтэй бөхчүүдийн хувьд 30 дахь медаль, түүний дотор 15 дахь хүрэл медалийг авлаа. Г.Мандахнаран энэ жил 27 настай, зодог тайлах болоогүй, өмнө нь олон том тэмцээн хүлээж байна, үзэгчдээ дахин дахин баярлуулахыг хүсэн ерөөж байна.

Нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт украиний бөх Семён Радуловтой таарч эхний үед хөл орж хоёр оноо авч хоёрдугаар үед хөлд орох, дэвжээтэй шахаж эргүүлэх мэх хийж 8:4 онооны харьцаагаар хожиж гуравдугаар тойрогт унгарын бөх Герго Воллертэй барилдаж голдуу дэвжээтэй шахаж эргүүлэх мэх хийж 4:2, 5:0 онооны харьцаагаар дийлж дөрөвдүгээр тойрогт грекийн бөх Андреас Триантафиуллидасийг 3:3, 8:0 онооны харьцаагаар төвөггүй өвдөг шороодуулж мөнгөн медалийн төлөө кубын Ливан Лопез Азгуйтай хүч үзэж хугацаа дуусахын өмнө нэг оноо нэмж авч 6:6 онооны харьцаагаар барилдаан дууссан ч өрсөлдөгч бөх нь бүхэл оноо авсан учир харамсалтайгаар ялагдал хүлээсэн юм. Хүрэл медалийн төлөө барилдаанд БНАСАУ-ын бөх Жин Хун Кангийг 3:1 онооны харьцаагаар төвөггүй хожсон.

55 кг-ийн жинд зодоглосон дэлхийн залуучуудын аварга, олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр ДАШТ-нд анх удаа оролцож байна гэхэд маш сайн барилдлаа. Дөрөвдүгээр тойрогт туркийн бөхийг ялж чадсан бол мөнгөн медалийн төлөө барилдах боломжтой байсан юм, медаль хонгилийн үзүүрт харагдаж байсан гэхэд болно. Туркийн бөх Сезарь Акгультай барилдаж эхлээд хоёулаа барьц авах, хөлд орох гэж нэг минут орчим болж тэмцэлдэж байхад шүүгч манай бөхөд торгууль өгч хоёрдугаар үед туркийн бөх оноогоо хамгаалж илт зугтаад байхад торгууль өгсөнгүй, хоёр бөхийн оноо тэнцсэн ч манай бөх торгуулийн оноо авсан учир ялагдсан юм. Энэ жил  21 нас дөнгөж хүрч байгаа залуу бөхөд юм дуулгах цаг ирэх нь мэдээж.

Энэ жил Азийн аварга шалгаруулах тэмцээн, Универсиад наадмаас хүрэл медаль хүртсэн манай залуу бөх Д.Хүдэрбулга 96 кг-ын эхний барилдаандаа казахстаны нэртэй бөхөд ялагдсан ч том тэмцээний үнэр авч туршлага сууж толгойдоо нэгийг бодсон байх.

55 кг-ийн жинд олимпийн медальтнуудаас ганцаараа зодоглосон олимпийн хүрэл медальт, 2009 оны дэлхийн аварга, БНАСАУ-ын бөх Кинг Ил Янг нэгдүгээр тойрогт олимпийн аварга Ж.Отарсултановыг ялж ирсэн Универсиад наадмын болон европийн аварга, оросын бөх Нариман Исрапиловт ялагдсан.

66 кг-ийн жинд түрүүлэх байх гэж тооцогдож байсан дэлхийн хошой аварга, ираны бөх Мехди Тагави Кермани гуравдугаар тойрогт беларуссын бөх А.Контоевт ялагдаж олимпийн медальтнуудынхаа нэр төрийг кубын бөх Л.Л.Акгуль хамгаалав. 96 кг-ын жинд олимпийн наадмын үед мөнгөн медалийн төлөө барилдаанд хөлдөө бэртэл авч харамсалтайгаар хасагдсан ираны бөх Реза Яздани дэлхийн хошой аварга цол авч энэ цагийн босоо бөх гэдгээ нтолсон. Тэрбээр алтан медалийн төлөө барилдаанд гол өрсөлдөгч болох азербайжаны бөх, олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн аварга Х.Газюмовыг дийлсэн.

Энэ ДАШТ-нд Албани, Алжир, Англи, Аргентин, Армян, Австрали, Австри, Азербайжан, АНУ, Беларусь, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Болгар, Бразил, Вьетнам, Гватемал, Гвиней-Биссау, Голланд, Гондурас, Грек, Гуам, Гүрж, Дани, Доминикан, Египет, Израиль, Иордан, Иран, Испани, Итали, Казахстан, Камерун, Канад, Катар, Киргиз, Коморез, Конго, Кот-Дивуар, Куба, Латви, Литов, Магадаскар, Македони, Марокко, Микронезийн арлууд, Молдав, Монгол, Монтенегро, Нигери, Никарагуа, Норвег, ОХУ, ӨАБНУ, Палау, Панам, Перу, Польш,  Португал, Поуэрто-Рико, Румын, Сальвадор, Сенегал, Серб, Сири, Словак, Словен, Сьерро-Леон, Тажик, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Тунис, Турк, Узбек, Украин, Унгар, Уругвай, Финланд, Франц, ХБНГУ, Хорват, Чад, Чех, Швед, Швейцар, Шинэ Зеланд, Шри-Ланк, Энэтхэг, Эстони, Япон зэрэг 89 орны найм зуу гаруй бөх зодоглож байна.
Өнөөдөр 60, 84, 120 кг-ын жингүүдийн барилдаан болно. Манай бөх олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир 60 кг-ын жинд хоёрдугаар тойрогт тажикийн бөх Николай Ноевтой, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн 84 кг-ын жинд латвийн бөх Армандс Свирибулистэй, олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогт молдавын бөх Андрей Романовтой барилдах болжээ.

2013 оны чөлөөт бөхийн ДАШТ-ний дүн
Унгар улсын Будапешт хот , 2013 оны есдүгээр сарын 18-20

Эрэгтэй

55 кг
1. Хасан Рахими /Иран, ДАШТ-ний хүрэл медальт/
2. Амит Кумар /Энэтхэг/
3. Нариман Испарилов /ОХУ, Универсиад наадмын болон
европийн аварга/
3. Сезар Акгуль /Турк, ДАШТ-ний мөнгөн медальт/

9. Эрдэнэбатын Бэхбаяр /Монгол/

Манай бөх олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр /”Хүч” спорт хороо/ эхний тойрогт хийлж хоёрдугаар тойрогт азербайжаны бөх Ясар Алиевийг 2:2, 2:0 онооны харьцаагаар дийлж гуравдугаар тойрогт  венесуэлийн бөх Педро Родригесийг 6:0 онооны харьцаагаар дийлж дөрөвдүгээр тойрогт туркийн бөх Сезар Акгультай барилдаж 1:3, 2:0 онооны харьцаагаар хожигджээ. Туркийн бөх нь энэтхэгийн бөхөд ялагдсанаар манай бөхөд цаашид барилдах боломж гарсангүй.
Энэ жинд 34 бөх барилджээ.

66 кг
1. Дэвид Сафарян /Армян/
2. Ливан Лопез Азкуй /Олимпийн наадмын болон ДАШТ-ний хүрэл медальт/
3. Ганзоригийн Манданнаран /Монгол/
3. Магомед Курбаналиев /ОХУ, Универсиад наадмын аварга, дэлхийн залуучуудын аварга /

Манай бөх олон улсын хэмжээний мастер     Г.Мандахнаран /”Алдар” спорт хороо/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт украиний бөх Семён Радуловтой таарч 8:4 онооны харьцаагаар хожиж гуравдугаар тойрогт унгарын бөх Герго Воллерийг 4:2, 5:0 онооны харьцаагаар дийлж дөрөвдүгээр тойрогт грекийн бөх Андреас Триантафиуллидасийг 3:3, 8:0 онооны харьцаагаар өвдөг шороодуулж мөнгөн медалийн төлөө кубын бөх Ливан Лопез Азгуйтай хүч үзэж 6:6 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд БНАСАУ-ын бөх Жин Хун Кангийг 3:1 онооны харьцаагаар хожсон.
Энэ жинд 40 бөх барилджээ.

96 кг
1. Реза Яздани /Иран, дэлхийн аварга/
2. Хетаг Газюмов /Азербайжан, Олимпийн наадмын хошой хүрэл медальт, дэлхийн аварга/
3. Анзор Болтукаев /ОХУ/
3. Павел Олейник /Украин, европийн аварга/

31. Доржхандын Хүдэрбулга /Монгол/

Манай бөх олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга /”Хүч” спорт хороо/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт олимпийн мөнгөн медальт, казахстаны бөх Таймураз Тигиевтэй сугалаа таарч 0:8 онооны харьцаагаар хожигдож казахстаны бөх нь дараагийн тойрогт оросын бөхөд дийлдэж манай бөх барилдаанаа дуусгажээ.
Энэ жинд 33 бөх барилджээ.

эх сурвалж: wrestling.mn

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …