УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар ирэх оны төсвийг баталлаа. Тухайлбал 2018 оны төсөвт Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, “Цалинтай ээж” хөтөлбөр, Тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан индексжүүлж нэмэгдүүлэх, Төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгох зэрэг асуудлыг тусгасан билээ.
Ирэх онд өрхийн амьжиргаанд тустай хэд хэдэн зүйл бий. Тухайлбал 2018 оны Төсвийн тухай хууль ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Иймд эхчүүд нэгдүгээр сараас эхлэн сард төрөөс 50 мянган төгрөгийн цалин авах эрхзүйн орчин бүрдлээ. Хөтөлбөрийн хүрээнд 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх 50 мянга, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгохоор баталжээ. Үүнд нийт 72,8 тэрбум төгрөг зарцуулах юм.