2017 оны 11 дүгээр сарын 20-ны Даваа гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 233 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 162 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 3 хүн гэмтэж бэртсэн байна.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 36 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллалаа.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 3 осол, мөргөлдөх хэлбэрээр 6 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 2 бүртгэгджээ.
Тухайлбал, ЧД-ийн нутаг “Чиглэл” ХХК-ний зүүн замд амины T.Probox маркийн автомашиныг Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч Д-г мөргөж гэмтээсэн байна.
Улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 73 хүний амь нас хохирч, 105 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23,000 гаруй жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тоон үзүүлэлтээс харахад зорчигч болон жолооч нар согтуугаар замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол, хэрэгт холбогдон эрүүл мэнд, амь насаараа хохирох нь дийлэнх хувийг эзлэж байна.
Хүйс болон насны байдлаар нь үзвэл 18-35 насны идэвхитэй амьдралд яваа залуучууд тэр дундаа 33 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлж байна.
Нийт илрүүлсэн 23,000 гаруй зөрчлийн:
- 19,000 орчим нь эрхийн үнэмлэхтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,
- 2,500 орчим нь эрхээ хасуулсэн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,
- 1,500 орчим нь жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жодоодсон зөрчил байна.
Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хохирол учруулдаг тэргүүн шалтгаануудын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал юм. Учир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна.
Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах зэрэг олон сөрөг дагаваруудыг бий болгодог.
Эх сурвалж: Замын Цагдаагийн алба