Б.Даваадоржийг тус улсын хуулийн дагуу нэн даруй баривчлан саатуулах ёстой боловч түүний дипломат эрх ямба нь уг хэргийг үргэлжүүлэн шалгахад хүндрэл учруулаад байгаа юм байна.
Өнгөрсөн долоо хоногуудад Европын холбооны нэгэн улсад манай улсын төрийн дээд өндөр албан тушаал хашиж байгаа таван эрхэм мөнгө угаасан хэрэгт шалгагдаж байгаа талаар бид мэдээлж байсан.
Гэхдээ дээрх эрхмүүдийн нэрсийг нэлээд нууцалж байсан юм.
Тэгвэл эл мөнгө угаасан гэх хэрэгт нэр нь холбогдсон эрхмүүдийн нэг нь ХБНГУ-д элчин сайдаар сууж буй Б.Даваадорж гэгч аж. Тодруулбал түүний данс руу манай улсын нөлөө бүхий дөрвөн өндөр албан тушаалтан 201 мянган еврог таван удаагийн үйлдлээр шилжүүлжээ. Б.Даваадоржийг чухам яагаад Германы хууль хяналтынхан шалгаж эхэлсэн тухай товч дурдъя.
Тус улсын хуульд зааснаар 50 саяас дээш ам.долларын гүйлгээ орж гарч байвал шалгадаг юм байна.
Гэтэл манай улсаас тус улсад элчин сайдаар сууж буй Б.Даваадоржийн дансанд 201 мянган евро таван удаагийн үйлдлээр орсон тул тус улсын хууль хяналтынхан шалгах болсон байна.
Ингээд Германы ерөнхий прокурорын газраас Б.Даваадоржид дээрх 201 мянган еврогийн талаар асуулга явуулжээ. Тухайлбал “Таны нэрийн дансанд 201 мянган еврог таван удаа шилжүүлсэн байна” гэсэн аж.
Харин Б.Даваадорж уг асуулгын хариуд “Уг мөнгө миний амжиргаанд зориулагдсан мөнгө” гэх тайлбар өгч байжээ.
Ингээд Германы тал Б.Даваадоржийн орсон гарсан бүх дансыг дахин шалгахад өөрийн цалин болон бүх төлбөр тооцоогоо Монгол руу явуулдаг байсан нь тогтоогджээ.
Дээр дурдснаар бол манай улсын нөлөө бүхий дөрвөн эрхэм монголоос түүний данс руу 201 мянган еврог таван удаагийн үйлдлээр шилжүүлж байсан нь баримтаар тогтоогдсон байна. Тиймээс Б.Даваадоржийг тус улсын хуулийн дагуу нэн даруй баривчлан саатуулах ёстой боловч түүний дипломат эрх ямба нь уг хэргийг үргэлжүүлэн шалгахад хүндрэл учруулаад байгаа юм байна.
Иймд Германчууд өөрийн улсын эрх мэдэл бүхий хүмүүст Б.Даваадоржийг шалгах хүсэлтэй байгаа талаараа зөвшөөрөл хүссэн гэх мэдээлэл ч байгаа юм. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Германчууд “Хэрвээ Монгол Улс хууль тогтоомжийг чанга мөрддөг бол бид хамтран ажиллах болон мөнгө угаах гэмт хэргийг таслан зогсоож чадна.
Мөн Монгол Улсад нөлөө бүхий улстөрчдийнхөө хууль бус үйл ажиллагааг илчилж улстөрөө цэвэрлэх бүрэн боломж байгаа. Ганц жишээ дурдахад Монгол Улс Б.Хурцтай холбоотой асуудалд хандаж буй хандлагыг нь харахад энэ асуудалд тийм ч их анхаарал тавьж ажиллана гэдэгт итгэхгүй байна” гэсэн аж.
Түүнчлэн Б.Даваадоржийг улсдаа нөлөө бүхий бизнесменүүд болон олгирахуудтай нарийн нягт ажилладаг учраас эл асуудлыг Монгол Улс төдийлөн ач холбогдол өгөхгүй байх талтай гэж үзэж байгаа юм билээ.
Хэрвээ тэрбээр энэ хэрэгт буруутай нь нотлогдвол түүнийг үүрэгт ажил буюу элчин сайдынх нь албан тушаалаас чөлөөлж цагдан хорьж шалгаж эхлэх аж.
Мөн 2009 онд Б.Даваадоржийг тус улсад элчин сайдаар томилогдох үед нь манай улс руу Германаас албан тоот явуулж байжээ. Тэрхүү албан тоотод Б.Даваадоржийг элчин сайдаар томилох хэрэггүй.
Учир нь энэ хүн урьд нь манай улсад хүний наймаатай холбоотой асуудлаар сэжиглэглэгдэж байсан учраас олон улсын нэр хүнд болоод Монгол Улсын нэр хүндэд сэв суулгаж магадгүй” гэж дурдаж байсан аж.
Гэтэл тухайн үеийн төр засаг энэ албан бичигт ач холбогдол өгөлгүйгээр Засгийн газраас санал болгосны дагуу Бельгийн Вант улс болон Европын Холбоонд суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар түүнийг сонгож байжээ.
Б.Даваадорж эрхмийн намтрыг товчхон сөхвөл Гадаад харилцааны яамны Азийн газарт III нарийн бичгийн дарга, Австри улсад суугаа Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргын алба хашиж байжээ. Харин 2009 онд Берлин дэх Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад Герман улсад Монгол Улсыг төлөөлөн суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон тушаал дэвшиж байсан нэгэн аж.
Ямартай ч Германчууд Б.Даваадоржийг албадан саатуулахад дипломат эрх мэдэл нь саад болж байгаа гэж холбогдох газруудад мэдэгдэж байгаа гэсэн.
Мөн түүний данс руу таван удаагийн үйлдлээр 201 мянган евро шилжүүлж байсан дөрвөн эрхэм хэн бэ гэдэг нь анхаарал татахын зэрэгцээ гадаадад манай улсын нэр хүнд асар хурдацтайгаар унаж байгаа нь харамсалтай.
Энэ мэт хэргээс болж өнгөрсөн сард манай улсад олон улсын санхүүгийн шинжээчид нууцаар ирээд буцжээ. Эдгээр хүмүүс Монгол руу болон Монголоос гадагш хийгдэж байгаа гүйлгээний утгыг тайлах хяналт шалгалтын асуудлаар ирсэн юм билээ.
Товчхондоо манай улс мөнгө угаах санхүүжүүлэгч орны хар дансанд ороход ойрхон байгааг эх сурвалжууд хэлсэн.
Энд нэг зүйлийг өгүүлэхэд талийгаач Д.Энхбатын хэргээс хойш Германчууд манай улсад итгэл алдарч эхэлснийг олон хүн хэлж байгаа. Учир нь талийгаачтай холбоотой хэрэг мандаж эхлэнгүүт Герман улс Монгол Улсыг төлөөлөн сууж байсан Элчин сайд Д.Тэрбишдагвыг 48 цагийн дотор нутгаасаа гарахыг шаардаж байсныг олон хүн санаж байгаа байх.
Энэ мэт үйлдлүүдээс болж Германы эрх баригчид эмзэглэж, аюулгүй байдалдаа түгших болсон нь одоогийн эмзэглэж буй асуудлын нэг ч байж болох талтай аж.
Өнгөрсөн тав дахь өдөр манай улсад ХБНГУ-ын дэд Канцлер Эдурад Освальд хүрэлцэн ирээд байгаа. Уг эрхмийн айлчлалаар Б.Даваадоржтой холбоотой хэргийг яриан дундуураа хавчуулж ч мэдэх юм гэж эх сурвалж өгүүлж байв.
Бид дараагийн дугаартаа Б.Даваадорж болон түүнтэй холбоотой дөрвөн эрхмийн тухай эрэн сурвалжилж хүргэх болно.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: