Тэртээх 1874 онд Хөвчийн жонон бэйлийн хошуунд Цэнд хиагийнд Дондогдуламыг мэндэлж байхад халхын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын наймдугаар дүрд тодорсон таван настай Агваанлувсан ээж, дүү нарын хамт Халх нутагт залагдан ирж байжээ. Дондогдулам хатныг бага насанд нь Дунгаа хэмээн дууддаг байсан аж.
Дондогдулам гэдэг нь түүний шашны нэр юмсанж. Өсөж томроод Амарбаясгалант хийдэд очсон бөгөөд тэнд наймдугаар Богдтой анх уулзсан байдаг. Өмнөх долоон төрөлдөө хүнтэй суугаагүй, дотоод гадаад аль алинд нь амьд шүтээн хэмээн дээдлэгдсэн Монголын бурхан шашны тэргүүн наймдугаар Богд Жавзандамба хутагт Дондогдуламыг харин гэргийгээ болгохоор шийдсэн аж.
1902 онд Дондогдуламыг Монголын Эх дагина, Цагаан дарьд өргөмжлөгдсөнөөс эхлэн Богдын Ногоон ордон, Хайстай лавиран хэмээх зуны орднууд үлэмж хөгжиж эхэлсэн гэж үздэг. Түүнээс өмнө Богдын ордон хааны орд харш гэхээс шашны илүү сүм дуганын хэмжээнд байжээ. Тэрээр уран хатгамалч, гар урчуудыг цуглуулан Сангай аймгийг байгуулж, өөрөө улааны шашны лүйжин хурдаг байлаа. “Эх дагина их сайхан хоолойгоор лүйжин татаж байсан” гэж хожим Лувсандондов гавьж дурссан нь бий.
Зарим эх сурвалжид түүнийг морь сурамгай унадаг байсан гэж бичжээ. Дондогдулам хатны дүү охин дөрвөн хүүхэд төрүүлсэн. Харин хатан өөрөө хүүхэд төрүүлээгүй. Жавзандамба хутагт болон Дондогдулам хатан нар эхлээд нэг хүү үрчилж авсан нь лам болсон. Дараа нь хоёр хүүхэд үрчилж авсны нэг нь алдарт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж.
1907 оны долоон хошуу даншиг наадмын хязаалан насанд үзүүрт давхисан хул алаг, жороо морины түрүү авсан бор морь “Эрдэнэ сэцэн ноён” нэрээр уралдуулсан эзэн нь Дондогдулам хатан байжээ. Ах дүү Намхай, Лувсанжамбаа аварга Эх дагины бөхчүүд байсан гэдэг.
Тухайн үед хатны шавь байсан хүмүүс, мөн зарц нар нь түүний талаар бараг ам нээдэггүй байсан аж. Хатан 1923 онд 49 насандаа өвчний улмаас өөд болсон. Эх дагины жанч халсныг дуулсан Жалханз хутагт “Гурван мянган гавьжийн үнэтэй үхэл” хэмээн гашуудаж байсан гэдэг.