С.Амарсайхан: Хариуцлагын шинэ тогтолцооны дүрэм, журмыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай

Ганболдын Охин-н зураг.

НИТХ-ын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн боловч АН-ын бүлэг завсарлага авснаар маргааш өглөөний хуралдаанаар төсвийн анхдугаар хэлэлцүүлгийг хийхээр болов.
Хуулиараа 2017 оны арванхоёрдугаар сарын 5 гэхэд Нийслэл хотын төсөв батлагдаж, мөн сарын 20 гэхэд дүүргүүд төсвөө баталж дуусах заалттай. Энэ хуулийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар арванхоёрдугаар сарын 25- нд буюу хуулийн хугацаандаа ирэх оны төсвөө НИТХ-д өргөн барьсан билээ.
Хуралдааны нээлтийн үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөр, хөгжлийн бодлого, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны бодлого, зорилт хөтөлбөрийн хэрэгжилт, шинэчлэл өөрчлөлтийн үр өгөөжид тулгуурласан их хотын хөгжлийн хэмжүүр нь 2018 оны төсөв байх тул та бид үүнд нягт нямбай хандах учиртай гэв. Мөн дараах 4 зүйлд төлөөлөгчдийг анхаарлаа хандуулахыг хүслээ.
Нэгдүгээрт, та бидний батлах төсвийн боломж нь нийслэлийн хөгжил, иргэд, оршин суугчдын ажил амьдралыг сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн багахан хувийг эзэлдэг тул нийслэлийн санхүү, хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын эх үүсвэрийг татах зэрэг ажлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж, бие даасан байдлаа хангах чиглэлээр ажиллах, санал боловсруулах хөндлөнгийн экспертүүд томилон ажиллуулж болох юм.
Хоёрдугаарт, Нийслэлийн төсвийн өгөөжийн асуудалд анхаарах шаардлага байна. Олон асуудлыг шүүрэн авч, олон талд хүч хөрөнгө тарамдаж аргацаах байдлыг аажмаар халж, хөрөнгө оруулалт, төсвийн зарлагын үр өгөөжийг дээшлүүлэх бодлогыг улам боловсронгуй болгож жил бүр хөгжлийн нэг цогц асуудлыг шийдвэрлэхэд нийслэл, дүүргийн төсвийг чиглүүлвэл нийгэм, эдийн засгийн хөгжлийн өгөөж нь өндөр байх болно.
Гуравдугаарт, Төсөвт тодотгол хийх, нэмэлт орлогыг дахин хуваарилах нь сайн талтай боловч сахилга хариуцлагыг сайжруулж, хуульд зааснаас бусад тохиолдолд нийслэл, дүүргийн төсөвт цаашид тодотгол хийхгүй байх шаардлагад нийцэхүйц төсвийн төлөвлөлт, зохион байгуулалтын зарчим баримтлах талаар холбогдох албан тушаалтнууд санаачилга, судалгаатай ажиллах ёстой.

Дөрөвдүгээрт, Төсвийн суурь үзүүлэлтийг сайжруулах, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатган бодлого, үйл ажиллагааг шинэ түвшинд үргэлжлүүлж, төсвийн хөрөнгө оруулалтыг тасалдуулах зөрчлийг арилгах шаардлагатайг дахин онцлож байна.
Тендер шалгаруулалт, нийслэлийн үнэлгээний комиссын ажлыг иргэд, олон нийт шүүмжилсээр байна. Иймд санхүү, төсвийн зөрчил, дутагдлыг арилгах үүднээс сахилга, хариуцлагын шинэ тогтолцооны дүрэм, журмыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байна.

 Эх сурвалж: НИТХ-ын  хэвлэлийн төлөөлөгч

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …