2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Авлигатай тэмцэх газраас хэвлэлийн бага хурал хийж, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү сумдад худалдан авах ажиллагаатай холбоотой гарсан зөрчлийн талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Худалдан авалтыг зохион байгуулахдаа төсөвт өртгийг нэмэгдүүлж төсвийн үр ашигтай байх зарчмыг алдагдуулдаг, гэрээт ажлыг хүлээн аваагүй байж санхүүжилт бүрэн олгосны улмаас үлдэгдэл ажлаа хийлгэж чаддаггүй. Жишээлбэл,
Хэнтий аймгийн Мөрөн суманд 2014 онд 63 сая төгрөгөөр нээлттэй тендер зарлаж Мах нядалгааны цех барьж ашиглалтад оруулсан байна. Гэтэл уг цехийг сумын иргэн С нь 2014 оноос хойш мал нядалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулан ашиглаж байгаа боловч сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээ байхгүй, түрээсийн төлбөр төлөөгүй 3 жил үйл ажиллагаа явуулж ашиг олж байна. Уг мал нядалгааны цех сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байв.
Ховд аймгийн төвд цэцэрлэгжүүлэлтийн ажил хийлгэхдээ 20 сая төгрөгийн үнийн дүнтэй тендер зарлаж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан боловч 7 сая төгрөгийн ажил хийгдээгүй, хүлээн авсан актгүйгээр санхүүжилт бүрэн олгосон, уг ажлыг гүйцэтгэж байсан орон нутгийн өмчит хуулийн этгээд татан буугдсан байдалтай байна.
Дорноговь аймагт усан спорт сургалтын төвийг шинэчилж, өргөтгөл барих нээлттэй тендер зарлаж 2 компани саналаа ирүүлсэн. Уг сонгон шалгаруулалттай холбоотой гомдлыг Сангийн яам хянан үзээд захиалагчийн төсөвт өртгөөс өндөр үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулсан байх тул тендерийг хүчингүй болгож, дахин зарлах шийдвэр гаргасан. Гэтэл дахин тендер зарлалгүйгээр уг ХХК-тай гэрээ байгуулсан.
Хөвсгөл аймгийн Галт суманд гал унтраах зориулалттай автомашин худалдан авах тендер шалгаруулалт явагдсан. 12,500 ам.долларын үнэ бүхий бут сөөг услах зориулалт бүхий автомашиныг 58 сая төгрөгөөр худалдан авсан. Уг машин зориулалтын бус байсан учир улаан өнгөөр будсанаас болж өнөөг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлж тээврийн хэрэгслийн дугаар аваагүй, зориулалтын дагуу ашиглаж чадаагүй байна.
Завхан аймагт сумын Засаг даргын төрсөн дүү сумын төрийн байгууллагуудыг нэгдсэн халаалтад оруулах, халаалтаар хангах ажлын тендерийг авч, ажлыг гүйцэтгэсэн. Хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргахдаа хуульд заасны дагуу ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар тайлбар гаргаагүй байна. Мөн дээрхээс гадна Үнэлгээний хороонд орсон албан хаагчид ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсээгүй талаар хуульд заасны дагуу мэдэгдэл гаргаж, тайлбарладаггүй, мэдэгдэл гаргасан ч хэлбэрийн төдий бөглөдөг, А3 сертификатгүй хүнийг үнэлгээний хороонд оруулдаг, ажил хүлээн авсан эсэх нь тодорхойгүй буюу акт үйлдээгүй байгаа зэрэг зөрчлүүд аймаг, сумдад түгээмэл байна гэв.
Эх сурвалж: АТГ