Х. Цогбадрах: Кесар хагалгаагаар төрсөн 3 ээжийг өөрийн гаргасан дасгалын системээр хүссэн үр дүнд нь хүргэж чадсан

Сүүлийн үед олон хүмүүс спиннинг-ийн спортоор хичээллэх болсон. Эрэлт их байгаа учраас түүнийг дагаж олон клубууд ч үүд хаалгаа нээж байна. Тэгвэл чухам спиннинг нь ямар үр дүнтэй, хүний биед ямар байдлаар нөлөөлдөг талаар бид мэргэжлийн дасгалжуулагч багштай ярилцлаа. Тэрээр турж гоё болох нь чухал ч эрүүл мэнд түүнээс илүү чухал гэдгийг сануулж байсан юм. Шинэ жил болох гээд олон хүмүүс жин хасах тал дээрээ анхаарч эхэлсэн. Тэгвэл спиннинг-ээр хичээллэж жингээ хасах зорилготой хүмүүс миний ярилцлагыг уншихыг зөвлөе.

Сайн байна уу?  Танд энэ өдрийн мэнд хүргэе. Уншигчиддаа өөрийгөө танилцуулаач?

Баярлалаа та бүхэнд. Намайг Х.Цогбадрах гэдэг. “Super Spinning” клубын захирал, дасгалжуулагч багшаар ажилладаг.

Super Spinning  клуб хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?

Манай клуб 2015 оноос  үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Эхэлсэн цагаасаа өдий хүртэл нийт 1500 гаруй хүнд бодитой өөрчлөлт үзүүлж чадсан байна. Цаашдаа ч олон хүнд хүссэн өөрчлөлтийг нь харуулахын төлөө ажиллах болно.

Та яагаад “Super Spinning клубыг байгуулж, багшлах болсон юм бэ?

Би спиннинг-ээр хичээллэж эхлэхээс өмнө 15 жил сагсан бөмбөгийн спортоор хичээллэсэн. Мөн 2 жил гаруй фитнессийн багшаар ажилласан. Надад жин хаях шаардлага гарсан учраас анх спиннинг-ээр хичээллэж эхэлсэн. Хичээллээд 45 хоногийн хугацаанд 20 кг жинг хаяж чадсан.Богино хугацаанд хүссэн жиндээ очсон болохоор надад спиннинг маш үр дүнтэй санагдсан. Тэр утгаараа спиннинг-ээр байнга хичээллээд цаашлаад бусдад багшлах хүсэл төрсөн. Тэр хүслийнхээ дагуу “Super Spinning” клубээ байгуулсан. Манай клубын хаалгаар орж ирсэн хүмүүс үр дүнгээ үзэхгүй гарна гэж байдаггүй.

Сүүлийн жилүүдэд спиннингээр хүмүүс их хичээллэх болсон байна. Урьд өмнө одоогийнх шиг олон клубууд ч байгаагүй хүмүүс ч нэг их сонирхдоггүй байсан юм шиг санагддаг.

Монголд ч гэлтгүй дэлхийн бүх оронд өөрийн биеийн жингээрээ ачаалал авч үр дүнд хүрдэг спортуудад их дурладаг болсон. Дээрээс нь хичээллэж байгаа спорт нь богино хугацаанд үр дүнг өөрт нь харуулж байвал амар санагддаг болчихсон. Ялангуяа өдөржин завгүй ажилтай хүмүүс хурдан хугацаанд үр дүнг мэдрэхийг чухалчилдаг. 45 минутын хугацаанд спиннинг-ээр хичээллэхэд хүний бие маш их ачааллыг авч чаддагаараа онцлогтой учраас хүмүүс их хичээллэх болсон байх.

Нэг удаагийн дасгалаар 200 гаруй булчин зэрэг ажиллаж байдаг. Мөн биед хэрэгцээтэй дааврууд бий болж хэрэгцээгүй дааврууд биеэс гадагшилж байдгаараа онцлогтой. Тийм болохоор ганцхан Монголд ч гэлтгүй дэлхий нийтэд спиннинг-ийн спорт хүч түрэн орж ирж байна.

Зарим хүмүүс спиннингийн спортыг дугуй жийх гэж л ойлгодог. Тэгээд дугуй унахаар хөлний булчин томорч хөл майга болдог гэх өрөөсгөл ойлголттой хүмүүс спиннингээс татгалзаад байдаг юм шиг санагддаг. Энэ талаар тайлбарлаж өгөөч.

Спиннинг-ийн спорт стандарт спиннинг, сонирхогчийн спиннинг гэсэн 2 төрөлтэй байдаг. Стандарт спиннинг удаан хугацаанд дугуй жийж нэг булчинг хүчтэй ачааллаж булчинг томруулах зорилготой байдаг. Сонирхогчийн спиннинг эсрэгээрээ байдаг. Богино хугацаанд биеийн бүх хэсэгт үр дүн гаргахаас гадна булчингийн хэмжээг жижигрүүлж байдаг. Гэхдээ спиннинг-ээр шууд хичээллээд хөлний булчин жижигрэх юм байна гэж ойлгож болохгүй. Удаан хугацааны ажиглалт, шинжлэх ухааны үндсэн дээр бий болсон дасгалын үр дүнд булчинг нарийсгах үйл явц явагддаг.

Хүний булчингийн хөгжих явц тийм ч хурдан биш. Удаан хугацаанд олон давтамжтай ачаалал авч хөгждөг. Хүмүүсийн хөлний булчин ихэвчлэн гадагшаа хөгжилтэй байдаг. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр буруу суултаас үүдэлтэй булчин нь буруу хөгжсөн байдаг. Тийм булчин дасгал хийгээд эхлэхээр чангарч эхэлдэг.Чангарахдаа үндсэн булчингийн хөгжлөө дагаж чангардаг гэсэн үг. Тэгэж чангарч эхлээд зөв дасгалын үр дүнд буруу хөгжилтэй булчин маань засарч жижгэрч эхэлдэг. Гэхдээ хүн бүр өөрт таарсан дасгалыг хийх хэрэгтэй. Буруу дасгал хийвэл буруу хөгжсөн чигтээ томрох аюултай. Тэгэхээр дасгалжуулагч чухал байр суурьтай.

Эхэлж хичээллээд булчин чангараад эхлэхээр хүмүүс спиннинг-ээр хичээллээд булчин томроод байна гэж ойлгодог. Спиннинг нь өөрөө татах түлхэх системтэйгээр тууш булчинг ажиллуулдаг учраас булчинг гадагшаа хөгжүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Таг далий дугуйгаа жийвэл тэгэж буруу хөгжих байх. X хэлбэрийн хөлтэй эсвэл хэтэрхий майга хөл бол үений гажигтаа ордог. Тэр гажгийг спиннинг-ийн дасгалаар болон хөлний тавилтаар  засах боломжтой байдаг.

Спиннингийн спортоор хичээллэхэд хүний бие маш их ачаалал авдаг. Тэр утгаараа эрүүл мэндийн хориглох заалт байдаг уу?

Спиннинг-ээр нэг удаа хичээллэхэд хүний бие маш их ачааллыг авч 70 гр өөхийг шатаадаг. Зарим хүмүүс хэт ачаалал авдгаас нь эмээгээд спиннинг-ээр хичээллэхээс татгалзаад байдаг. Угтаа бол спиннинг-ээр хичээллэх гэж ирж байгаа хүмүүсийн ихэнх нь эрүүл мэндийн хувьд асуудалтай байдаг. Зүрх судасны өвчтэй, нурууны суулттай, хуян хөөрөх асуудалтай,  дотор өөхжилт ихтэй, үе мөчний өвчтэй, даралт ихсэх өвчтэй, цусны даралт тогтворгүй байдаг гэх мэт эрүүл мэндийн асуудалтай хүмүүс орж ирдэг. Ер нь бол цоо эрүүл хүн спиннинг-ийн хаалгаар орж ирдэггүй. Тийм болохоор эрүүл мэндийн заалт байхгүй гэж хэлж болно. Дасгалжуулагч л маш хариуцлагатай байх ёстой. Спиннинг-ээр хичээллэж эхэлж байгаа хүнд шууд нэг дасгал тулгаад хий гэх нь эрсдэлтэй байдаг. Энгийн хүний нүдээр харахад спиннинг-ийн багш урд нь суугаад дасгал дагуулж хийлгээд байгаа юм шиг л харагддаг байх.

Би өөрөө 15-20 жил спортоор хичээллэснээс гадна хүний эрүүл мэнд, биологийн талаар судалж байсан учраас хүн бүрийн эрүүл мэндийн онцлогт тааруулж дасгал хийлгэдэг. Хүн бүр ямар ч дасгал заахад хийгээд сурчихдаг. Гэхдээ хүн болгонд нэг дасгалыг тулгаад хийлгэнэ гэдэг буруу. Миний хувьд хүн бүрийн сэтгэл санаа болоод биеийн байдлыг ажиглаж ачаалал авах боломжтой байна уу, үгүй юу гэдэг дээр анхаарч хэр ядарч цуцаж байна гэдгийг ажиглаж ачааллыг нь тааруулдаг.

Шинэ хүн орж ирэхэд 3 өдөр чигээрээ дугуй жийлгээд биеийг нь дасгадаг. Анх хичээллэж эхлэхэд 200 гаруй булчин ачаалал авснаар эхний 3 хоногт булчингууд суларч эхэлдэг.  Түүний дараагаас ачаалал авах чадвартай болоод ирэх үед дасгалыг бага багаар нэмээд тухайн хүний биеийг дасан зохицуулдаг.

Тэгэхээр таны хувьд спиннингээр хичээллэх гээд орж ирж байгаа хүн бүрийн эрүүл мэндийн байдалтай танилцаад дасгалынхаа системийг гаргадаг гэсэн үг үү?

Спиннинг-ээр ихэвчлэн таргалалттай хүмүүс хичээллэдэг. Тэр утгаараа таргалалт нь хүний биед сөрөг өөрчлөлтүүдийн үзүүлж эхэлдэг. Жишээлбэл, зүрх болон зүрхний гадуурх өнхөлцөг хоёрын хооронд шар мах үүсээд зүрхний ажиллагааг муутгаж эхэлдэг. Мөн судасны нарийсал явагддаг. Элэгний өөхжилт, элэгний хатуурал явагдах, цөс өтгөрөх, цөсний чулуу үүсэх цаашлаад сахарын хэмжээ ихсэх гэх мэт олон сөрөг өөрчлөлтүүд биед явагддаг. Дээр нь дотор өөхжилт ихсэх, хоол боловсруулах систем удаашрах, үе хоорондын холбоос муудаж зөөлөн эд нь элэгдэх, нурууны суулт үүсэх гэх олон өвчлөлүүд зөвхөн таргалалтаас болж үүсдэг. Тэгэхээр энэ бүх асуудалтай хүмүүст ачааллыг нь тааруулж дасгал хийлгэдэг гэж ойлгож болно.

Тэгэхээр “Би өвчтэй учраас ачаалал авч чадахгүй” гээд спиннингийн спортоос татгалзах шаардлага байхгүй юм байна шүү дээ.

Тийм ээ, тэр тал дээр санаа зовох зүйлгүй. Гол нь дасгалжуулагч багштайгаа сайн ярилцаж өөрийн бие махбодийн болоод сэтгэл санааны байдлаа сайн ойлгуулах хэрэгтэй. Өөртөө өөрчлөлт хийх гэж л байгаа юм чинь санаа зовох зүйлгүй ярилцаад ямар үр дүнд хүрмээр байна, юугаа өөрчилмөөр байна гэдгээ ний нуугүй хэлээд хэлэх нь чухал.

 “Super Spinning клуб анх орж ирж байгаа хүмүүстээ үр дүн амладаг уу?

Мэдээж үр дүнг амладаг. Ер нь спиннинг-ийн спортоор хичээллээд үр дүнгүй байна гэж байдаггүй. Манай клубын хувьд нэг сарын хугацаанд хамгийн багадаа 5-8 кг тураана. 10 кг-аас илүү турааж болно. Гэхдээ хүний биед сөрөг нөлөөтэй байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэнэт огцом жин хаяхаар хүний биед хэрэгтэй эрдсүүд биеэс гадагшилж эхэлдэг. Улмаар дархлаа суларч ядарч бие ачаалал даах чадваргүй болдог. Дээр нь тархины тэжээлүүд устаж эхэлдэг. Тийм болохоор эрүүл мэндийн талаас нь яг тохирсон жинг сар сард нь хасдаг. Гоё сайхан болох чухал ч эрүүл мэнд түүнээс илүү чухал шүү дээ.

Хүмүүс спиннингээр зөвхөн тарган хүмүүс турах гэж хичээллэдэг гэж ойлгодог. Тэгвэл туранхай хүмүүс гоё галбиртай болж  жин нэмэх гэж спиннингээр хичээллэж болдог уу?

Бололгүй яахав. Биеийн жинг нэмж галбиржуулах зорилготой дасгалуудыг хийж болно. Гэхдээ биеийн жин нэмэх тал дээр дасгалын ачааллыг зөв тааруулах хэрэгтэй байдгаас гадна хоолны дэглэм баримтлах хэрэгтэй байдаг. Тэгвэл үр дүн сайн гарахаас гадна биеийн галбир гоё хөгждөг. Манай дээр жин нэмэх зорилготой  ирээд 3 кг-аас 5 кг нэмсэн шавь нар маань бий. Тэгэхээр дан ганц турах зорилготой хүмүүс спиннинг-ээр хичээллэдэг гэж ойлгох нь буруу. Спиннинг нь хүний биеийн 200 гаруй булчинг зэрэг ажиллуулдаг учраас биеийг маш сайн галбиржуулж чаддаг.

Жин хасах асуудал хүүхэд гаргасан ээж нарт ихээхэн тулгардаг. Гэхдээ ээж нарын хувьд өөрөөрөө төрсөн болон хагалгаагаар төрсөн гэж 2 хуваагддаг. Энэ байдлаасаа болоод дасгал хийх биедээ ачаалал авах зэрэг нь өөр өөр байдаг. Энэ тал дээр та мэргэжлийн хүний хувьд зөвлөгөө өгөөч.

Өөрөөрөө төрсөн ээжүүдийн хувьд харьцангуй эрт дасгал хийж жингээ хасах тал дээр анхаарч болдгоороо давуу талтай. Кесар хагалгаагаар төрсөн ээж нарын хувьд 6 сар дасгал хийж булчингийн ачаалал авч болдоггүй. Тэгэхээр хагалгаагаар төрсөн ээж нар төрөөд 6 сар болсны дараа биедээ бага багаар ачаалал өгч дасгаж жингээ хасах хэрэгтэй. Хагалгаагаар төрсөн ээж нар хэвтээ зүсэлтээр болон босоо зүсэлтээр хагалгаа хийлгэсэн гэж 2 хуваагддаг. Хэвтээ зүсэлттэй хагалгаа нь босоогоо бодвол арай дээр байдаг. Босоо зүсэлтээр кесар хийлгэсэн ээжүүдийн булчин буцаж чангарч хэвийн болоход хүндрэлтэй байдаг.

Гэхдээ ор тас булчин нь чангарахгүй төрөхийн өмнөх шигээ гоё болохгүй гэсэн үг биш. Миний хувьд кесар хагалгаагаар төрсөн 3 ээжийг өөрийн гаргасан дасгалын системээр хүссэн үр дүнд нь хүргэж булчинг нь маш гоё хөгжүүлж чадсан. 1 ээж нь харьцангуй бага жин нэмсэн байсан учраас хурдан хугацаанд өөрчлөгдсөн. Нөгөө 2 ээжийн маань хувьд нэлээн жин нэмсэн байсан учраас системтэйгээр ажиллаж 6 сарын дотор хүссэн жиндээ очиж чадсан. Тэгэхээр хүүхэд гаргасан болон хагалгаагаар төрсөн ээжүүд манай клубт ирээд хүссэн жиндээ хүрч галбиржих бүрэн боломжтой.

Хөхүүл ээжүүд хөхний сүү татрахаас эмээгээд дасгал хийхээс татгалзаад байдаг. Хөхүүл хирнээ сүүгээ татраахгүй дасгал хийж жингээ хасах боломжтой юу?

Хөхний сүүгээ татраахгүй дасгал хөдөлгөөн хийх боломжтой. Гол нь хоолны зөв зохицуулалт хийж өөртөө таарсан ачааллыг авах нь чухал. Дасгал хийж байна, турж байна гээд хоолоо ч хасаад хэт их ачаалал аваад байвал хүний бие ядарч сүү татарч эхэлнэ. Тийм учраас бага багаар биедээ дасгаж ачааллаа ихэсгэх нь чухал. Дасгалжуулагч багш нь ямар дасгал хийвэл энэ хүн ядрахгүй хирнээ жингээ хасаж болохоор байна гэдэг дээр маш сайн ажиллах хэрэгтэй байдаг. Нялх биетэй дээрээ ачаалал их авч буруу системээр хичээллэж болохгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Super Spinning клуб ямар ямар урамшуулалтай байгаа вэ?

Манайх “Unitel” компанитай хамтран ажилладаг. Тэр утгаараа “Unitel” –ийн хэрэглэгчид 300 GG-ээр манай клубт 30 хувийн хямдрал эдлэх боломжтой. Дээр нь гэр бүл, найзуудын багцын хөнгөлөлт бий. Төлбөрөө олон сараар хийвэл мөн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Unitel компаниас гадна “Гурван гал” эмнэлэгтэй хамтран ажилладаг гэж сонссон.

Тийм ээ. “Гурван гал” эмнэлэгтэй хамтран ажилладаг. Ямар ч дасгал хөдөлгөөн хийсэн бай хүний биед Д витамин маш чухал үүрэгтэй байдаг. Хүний биеийн бүх эрдэс бодисын нийлэгжилтийг Д витамин зөөдөг учраас Д витамин дутагдсанаас хүний бие ядарч өвчилж эхэлдэг. Эрүүл байхын нэг үндэс нь Д витамин гэж хэлж болно. Тэр утгаараа бид клубт хичээллэдэг хүмүүстээ Д витамины шинжилгээ хийлгэх, хэрэгцээтэй Д витаминыг биедээ тогтмол авах тал дээр анхаарч байна.

Super Spinning” клуб хичээллэдэг хүмүүстэйгээ дасгал сургуулилтаас  гадуур олон үйл ажиллагаа зохион байгуулдаг нь маш гоё санагдсан шүү.

Бид спиннинг-ийнхээ хичээлээс гадуур дугуйн аялал хийх, мод тарих, ууланд авирах, спиннинг өдөрлөг зохиох, сайн үйлсийн аян хийх гэх мэт олон ажлуудыг зохион байгуулдаг. Клубын чиглэлээрээ үйл ажиллагаагаа явуулахыг эрмэлздэг. Манай клубын бүх хүмүүс нэг нэгэнтэйгээ найзууд болж нэг хамт олон шиг байж чаддаг.

Баярлалаа танд ажлын амжилт хүсье. Олон хүмүүсийн эрүүл мэнд гоо сайхны төлөө ажиллаж байгаа танд баярлалаа гэж хэлье.

Танай хамт олонд баярлалаа.

Сэтгүүлч:Э.Анударь

Эх сурвалж: setguulch.mn

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …