Э.Бат-ҮҮл даргатай нийслэл хотын удирдлагууд ажлаа аваад нэг жил болох гэж байна. Тэдний хэрэгжүүлсэн автомшины дугаарын хязгаарлалт, авто замын засвар, өргөтгөл шинэчлэлтийн гэх зэрэг олон ажлууд иргэдийн сэтгэлд нийцэж байгаань сайшаалтай. Гэхдээ эдгээр ажлын ихэнхийг Э.Бат-Үүл дарга санаачилсан хэрэг бас биш юм. Нийслэлийн өмнөх удирдлагуудын үед автомашины дугаарын хязгаарлалтын асуудлыг судалж, тооцсон байсан ч хараахан хэрэгжүүлж амжаагүй байсан гэдэг. За энэ ч яах вэ, гол асуудалдаа орьё.
Энэ жил авто замын өргөтгөл шинэчлэлийн хүрээнд олон уулзварыг шинээр барьж, тэр чинээгээр авто машины хөдөлгөөний түгжрэлийг багасгаж байгаа нь боловч ч сайны хажуугаар саар гэгчээр зарим уулзварын хувьд өмнөхөөсөө дордож, замын хөдөлгөөнд саад учран таг түгжрэх явдал байсаар байна. Учир юу гэвэл Гудамж төслөөс зардлыг нь санхүүжүүлж Бөхийн өргөөний хойд уулзварыг хуучин хотын төвөөсөө Бөхийн өргөөний хажуугаар зөвхөн баруун гар тийш эргэдэг байсныг болиулж, Бөхийн өргөөний дэргэдэх хороолын дундах туслах замаас төв замруугаа бүх чиглэлд автомашин зорчдог, мөн тэр туслах замруу зүүн, баруун, хойноосоо чиглэлд мөн автомашин зорчдог болгож нийслэл дүүргийн удирдлагуудын оролцоотой сүр дуулиантай нээлт хийж өөрчилсөн. Харамсалтай нь энэ уулзварыг барьж өргөтгөхөөс өмнө судалгаа тооцоог нарийн хийгээгүйгээс болж өглөө ажил эхлэх, орой ажил тарах үед Бөхийн өргөөний хажуугаар 13-р хороолол руу эргэдэг зам “найдвартай” түгжрэлтэй байх боллоо.
Өглөө оройд Бөхийн өргөөний хажуугаар урагш эргэх хөдөлгөөнийг нь замын цагдаагийн зохицуулагч нар заавал байж хөдөлгөөний зохицуулалт хийж хөдөлгөөнийг түгжрэлийг арай багасгаж байгаа юм. Товчхондоо бол энэ уулзварын хувьд “сахил хүртээд шал дордов” гэгчийн үлгэрээр өглөө оройдоо авто машины хөдөлгөөн саатаж, зайлшгүй замын цагдаагийн зохицуулалтаар хөдөлгөөн үргэлжлэх ёстой газруудын нэг боллоо.
Асуудлын гол нь хороолол дундах эсрэг урсгалтай нарийн замыг өргөтгөөгүй байж, наанаас нь бүх чиглэлээс шууд эргэх боломжтой болгож замын шинэчлэлт хийсэн явдал юм. Энэ чиглэлд зорчдог жолооч нарын уур бухимдлыг төрүүлдэг, өглөө оройдоо гарцаагүй түгжирдэг газрын тоог ийнхүү хотын удирдлагууд өөрсдийн оролцоотойгоор нэгээр нэмлээ. Тэгээд хороолын дундах туслах замруу төв замаас чиглэх автомашины урсгалыг хандуулчихаад 4 замын уулзварын тоог нэгээр нэмлээ гэж хэлэх нь ичмээр, санаа зовмоор ч юм шиг.
“Нуухийг нь авах гээд нүдийг нь сохлов” гэж энийг л хэлэх байх даа.
А.Тамир