Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон “Рояал групп”-ийн Ерөнхийлөгч, “Байгальд ээлтэй технологи” ТББ-ын Тэргүүн Д.Сэржбүдээ нар өнөөдөр харилцан ойлголцлын “Санамж Бичиг”-т гарын үсэг зурлаа.
Ингэснээр “Рояал Групп”-ийн “Байгальд Ээлтэй Технологи” Төрийн бус байгууллага нь Япон улсын SIRIUS компанийн “J-Boy” агаар ариутгагч, чийгшүүлэгч, вирус устгагч төхөөрөмжийг Монгол дахь албан ёсны дистибютер “Hit Progress” компанитай хамтран Улаанбаатар хотын хүүхдийн төрөх эмнэлгүүд болон дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн тасгуудад хандивлах ажил албан ёсоор эхэлж байна.
Энэ үеэр нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Уг төслийг амжилттай хэрэгжүүлснээр агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд Улаанбаатар хотод шинээр мэндэлж буй нярай үрс болон эмнэлэгүүдэд эмчлүүлж буй хүүхдүүдийн амьсгалын замын халбварт өвчин тусах эрсдэлийг эрс бууруулах юм. Манай орны нөхцөлд хүйтний улиралд Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж, агаарын бохирдол эрс нэмэгддэг. Улаанбаатар хотын агаарын бохирдол ургийн өсөлт хөгжил болон 0-5 хүртэлх насны хүүхдийн уушгины хатгалгаа, насанд хүрэгчдийн уушги, зүрх судасны эмгэгт сөргөөр нөлөөлдөг. Гадаад орчны бохирдол ихтэй үед дотоод орчны агаарын бохирдол улам нэмэгдэж хүний эрүүл мэндэд давхар дарамтыг учруулдаг тул дотоод орчны агаарын чанар сайжруулах асуудалд анхаарал хандуулах нь чухал. Дотоод орчны агаарын чанарыг сайжруулснаар эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, хүүхдийн эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлөх боломж бүрдэж байна. Түүнчлэн жил тутам шинээр мэндэлж буй 28000 орчим хүүхэд, ээжийнхээ хамтаар цэвэр агаараар амьсгалах боломжтой болж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет, амаржих газрын төрөх, төрсний дараах, нярай, хүүхдийн эрчимт эмчилгээний тасгууд, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн хэвтүүлэн эмчлэх өрөө, эрчимт эмчилгээ, хүлээн авах тасгууд ийнхүү агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр бүрэн хангагдаж байгаа юм” хэмээлээ.
“Рояал групп”-ийн “Байгальд ээлтэй технологи” Төрийн бус байгууллага нь Япон улсын SIRIUS компанийн “J-Boy” агаар ариутгагч, чийгшүүлэгч, вирус устгагч төхөөрөмжийг Монгол дахь албан ёсны дистибютер “Hit Progress” компанитай хамтран хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет, амаржих газар, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг бүрэн хангахаар 482 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хандивлаж байгаа юм. Ингэснээр нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет, амаржих газар, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг агаар цэвэршүүлэгчээр бүрэн хангагдахаар боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.